АН-ын ҮЗХ яагаад хуралдаагүй вэ?

2016 оны 1 сарын 21

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ 46 дугаар хуралдаан өчигдөр орой 17.00 цагаас Төрийн ордны Их танхимд эхлэхээр товлосон ч оройн 19.00 цагийн үед тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн юм.

Намын дарга З.Энхболд, намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар гишүүдээ бараг цаг гаруй хүлээсний эцэст “Шонхор” болох МоАХ-аас бусад фракцийнхан хуралдаа ирээгүй гэсэн мэдээлэл байна. ҮЗХ-ны 228 хүнээс дөнгөж 70 орчим гишүүн цуглараад тарсан бололтой.

Хурлыг хойшлуулах болсон шалтгаанаа генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Өнөөдөр бид ҮЗХ-ны хурал хийж дотоод асуудлыг ярилцахаас илүүтэй Засгийн газрыг тогтвортой байлгах нь илүү тулгамдсан асуудал болоод байна. Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол Улсын асуудал, Монголын хөгжлийн асуудал. Тийм учраас энэ асуудалд анхаарлаа хандуулах нь чухал болсон” хэмээн тайлбарлаж.

Цаг үеийн тохироо нь ингэж бүрдсэн үү, эсвэл нөхцөл байдлыг ингэж тааруулсан уу, УИХ-ын гишүүн Г.Уянга ҮЗХ-ны хурлын өмнөх өдөр Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

Үүнтэй холбоотойгоор ҮЗХ-ны хурлаар засгийн асуудлыг авч хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан юм. Гэвч энэ асуудлыг ҮЗХ-гоор биш бүлгээрээ ярилцах нь илүү дээр гэж АН-ын удирдлагууд үзсэн үү, эсвэл ирц үнэхээр хангалтгүй байсан уу, ямар ч байсан улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэсэн ҮЗХ-ны хурлаа хойшлуулсан нь араасаа ахиад л бөөн таамаг, хардлага сэрдлэг дагуулж эхэллээ. Эрх баригч намын ҮЗХ-гоор юу хэлэлцэх, ямархуу хандлага дунд ямар асуудал өрнөх нь улс төрийн хүрээний анхаарлыг яалт ч үгүй татсан. Тэр ч утгаараа хурал цуцлагдсан талаарх янз бүрийн яриа нийгмийн сүлжээнд хөвөрч байна. З.Энхболдыг барьцаалсан л гэнэ, “Шонхор”, МоАХ-ноос бусад ньтүүнийг үнэлсэнгүй л гэнэ, түүнийг АН-ын даргаас авч хаях тухай ярьсан л гэнэ, Л.Эрхэмбаярын асуудлаас болж энэ хурлыг хойшлуулсан гэх энэ мэт “бор шувуу”-д энд тэндээс аль хэдийнэ нисээд эхэлчихэж. Ийм цуу тархана гэдгийг эрх биш АН-ынхан гадарлаж байсан л байлгүй.

Хэдийгээр Л.Эрхэмбаярын хэлсэн шалтгаан бодитой үнэнтэй нийцэхгүй байлаа ч, эсвэл эрх баригч намынхан ҮЗХ-ны хурлаа хойшлуулсан гол үндэслэл нь байлаа ч, чухамдаа АН-ынхан өөр хоорондоо “өс хонзон” яриад, дэлбэ хэрэлдэж, навс муудалцаад салснаас ҮЗХ-ны хурлаа хойшлуулсан нь бараг өлзийтэй болов уу. Тэр тусмаа засгийн асуудлаа шийдсэний дараа ҮЗХ-гоо хуралдуулна гэдэг зөв ч байх. ҮЗХ-гоо хуралдуулаад зад хэрэлднээс засгаа авч үлдэх тал дээр ярьж, зөвшилцөх нь илүү чухал гэдгийг энэ удаад АН-ынхан ойлгосон нь яамай.

Тэгээд ч тэдэнд өнөөдөр хэрүүл уруул биш хэлэлцээ зөвшилцөл л чухал байгаа. Тэр тусмаа сонгуулийн марафон  эхэлчихээд байхад “Гарам дээрээ морио” солиод сайныг амсахгүй. Иймээс л АН-нд өнөөдөр эвдэрцлээс илүү эв нэгдэл хэрэгтэй байна.

Магадгүй Ардчилсан намыг зад хэрэлдэж, задарч хуваагдаасай гэж зарим нам эвсэл битүүхэндээ хүсч байгааг ч хэн мэдлээ. Тиймээс л тэднийг хурлаа хийхийн өмнө Г.Уянгаар гэнэтийн “шантааж” хийлгэсэн ч байж болох.

Өчигдөр товлогдоод буцсан ҮЗХ-ны хуралдаанаар нөхөн сонгогдсон гишүүдийг батламжлах, мөн ИЗНН, МҮАН-тэй энэ удаагийн сонгуульд эвсч нэгдэх талаар хэлэлцэх, түүнчлэн Л.Эрхэмбаярыг генсекээр жинхлэх эсэхийг ярилцах гээд хэд хэдэн чухал асуудлыг хөндөж магадгүй гэсэн таамаглалыг хэвлэлийнхэн дэвшүүлж байсан юм. Хурлаа хэзээ зарлах нь тодорхойгүй ч нэн тодорхой нэг асуудал нь АН-ын бүлэг ямар ч байсан засгаа бүрэн бүтэн авч үлдэх тал дээр ам нэгтэй байгаа бололтой.

АН-ынхан амалсан шигээ Засгийн газраа тогтвортой ажиллуулахын төлөө тууштай зогсч чадвал МАН-ынхан яаж тийчлээд ч барахгүй нь ойлгомжтой.

Ийнхүү Засгаа аварч үлдээд, сар шинийн дараахан АН-ынхан ҮЗХ-гоо хуралдуулах болов уу гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд үүслээ.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна