XXI зууны нөлөөтэй орноор АНУ-ыг нэрлэжээ

2016 оны 1 сарын 21

 

XXI зууны хамгийн нөлөөтэй орноор АНУ нэрлэгджээ. 2016 оны шилдэг орнуудын санал асуулгаар АНУ дэлхийн улс төрд №1 тоглогчоор нэрлэгдсэн байна. Санал асуулгыг “BAV Consulting” болон Пеннсилвани их сургуулийн Уортон сургуультай хамтран дэлхийн эдийн засаг, соёлд үзүүлэх нөлөө болон олон улсын хамтын ажиллагаа зэрэг шалгуураар явуулсан аж. Нөлөөтэй орнуудын жагсаалтад Их Британи, Герман, Хятад, Франц орнууд эхний тавд багтсан байна.

 

АНУ нь дэлхийн хамгийн том армитай бөгөөд олон улсын хурал чуулган болон худалдааны гэрээний олонхид багтдаг. Соёлын нөлөө ч улс төрөөс дутахааргүй чухал юм. АНУ-ын медиа, энтертайнмент аж үйлдвэр дэлхийд тэргүүлдэг бөгөөд олон улсын зах зээлийн гуравны нэгийг дангаар эзэгнэдэг. АНУ-ын дуу хөгжим, кино, телевизийн нэвтрүүлгүүд дэлхий даяар цацагдаж байна. Түүнчлэн цэрэг арми болон эдийн засгийн хүч нөлөө жагсаалтын гол шалгуур байв. Нөлөөтэй орнуудын жагсаалтын эхний зургаан байранд Германаас бусад нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд багтсан байна.

 

Их Британи олон улсад нөлөөлөх байдлаар АНУ-ын дараа хоёрдугаарт нэрлэгджээ. Их Британийн дэлхийн олон оронд соёлын ул мөрөө үлдээсэн байдаг. Дэлхийн II дайны ялалтын дараа Их Британи НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг тавих эрхтэй байнгын гишүүн орны суудлыг авч чадсан юм. Европын холбооны хамгийн том эдийн засгийн нэг бөгөөд Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, НАТО, Их-20 бүлэг зэрэгт хүч нөлөө ихтэй.

 

Герман улсын тухайд канцлер Ангела Меркель дэлхийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад үргэлж багтаж, дээгүүрт нэрлэгддэг. Түүнчлэн Их-20 бүлэг, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага , НАТО, Европын холбоо, НҮБ-д нөлөө ихтэй. Герман нь байгаль, нийгэм, шинжлэх ухааны салбарт дэлхийд тэргүүлэх бүтээл олон байдаг нь жагсаалтын гуравдугаарт бичигдэхэд нөлөөлжээ. Нөлөөтэй орнуудын жагсаалтын дөрөвдүгээрт Хятад, тавдугаарт Франц улс бичигдэж байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: USNEWS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна