Молдавын шинэ Засгийн газрыг эсэргүүцэж байна

2016 оны 1 сарын 21

Фото: Twitter / @moldovaorg

 

Молдавын парламентын байранд өчигдөр /2016.01.20/ дайран орсон эсэргүүцэгчид ордныг орхин гарсан тухай “Интерфакс” мэдээлэв.

 

Цагдаа нар зам гарган өгч эсэргүүцэгчид ордныг орхижээ. Мөн тэдний хамт долоон цагийн турш ордонд хашигдсан сэтгүүлчид парламентын байрнаас гарсан байв.

 

Энэ эсэргүүцлийн ажиллагааны үеэр 15 хүн гэмтжээ. Павел Филипийн Засгийн газрыг депутатууд баталсны дараа сөрөг хүчнийхэн парламентын ордонд нэвтрэхээр дайрч эхэлжээ. “Нэр хүнд ба үнэн” хөдөлгөөний нэг удирдагч Андрей Нэстасе өөрийн талынхныг ордны бүслэн хааж хууль тогтоогчдыг тэндээс гаргахгүй байхыг уриалжээ. Дараа нь тэд парламентын байранд нэвтрэн ороод хуралдааны заал руу очжээ. Эсэргүүцэгчид депутатуудыг хайж хэд хэдэн хаалга эвдсэн гэнэ. Цагдаагийнхан  жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн тухай мэдээлж байна.

 

Павел Филип ерөнхий сайдтай Засгийн газрын бүрэлдэхүүнийг 101 мандаттай парламент нь 57 саналаар баталсан юм. Хурлын индрийг Молдавын социалист намын сөрөг хүчний жигүүр эзлэн хаасан учир Филип Засгийн газрын бүтэц, хөтөлбөрөө хурлын танхимаас танилцуулжээ. Социалистууд Засгийн газрыг хууль бус гэж үзэн ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байна.

 

Молдавын улс төрийн хямрал 2015 оны есдүгээр сараас үргэлжилж байна. Эсэргүүцлийг эхлүүлэх шалтгаан нь тус улсын гурван том банк офшор бүсэд нэг тэрбум доллар гаргасан “зууны хулгай” гэх дуулиан болсон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна