Мафийн толгойлогч

2016 оны 1 сарын 21

Мексикийн хууль сахиулагчид Эл Чапо хэмээх зартай гэмт хэрэгтнийг энэ нэгдүгээр сарын 8-ны өдөр гурав дахь удаагаа баривчилсан юм. Эл Чапог Мексикийн хар тамхины “хаан” гэдэг. Эл Чапо Мексикээс АНУ руу хууль бусаар тээвэрлэж буй хар тамхины 25 хувийг дангаар нийлүүлдэг хар тамхины наймааны асар том сүлжээг удирдан явуулдаг мафийн толгойлогч ажээ. Түүний амьдрал бол бүхэлдээ гэмт хэргийн драм, кино зохиол шиг билээ.

 

 

Эл Чапог “атигар”, заримдаа “сохор номин” гэж хочлох нь бий. Ингэж хочлох болсон нь Эл Чапо мөрдөгчдийн гараас яаж ийгээд мултарч, газар доорх хонгилд удаан хугацаагаар бүгэж чаддагаараар хууль сахиулагчдын тэвчээрийг барсан нэгэн юм.

 

Бичиг үсэгт ч тайлагдаагүй, зожиг энэ этгээд газар доогуурх нууц хонгилоор АНУ руу асар их хэмжээний хар тамхи тээвэрлэх сүлжээг бий болгосон билээ. Эл Чапо 2001 онд шоронгоос оргосныхоо дараа нууц хаалга бүхий хоргодох газрууд барьж, газар доогуурх хонгилтой холбосон байдаг. 2014 онд тэрбээр угаалгын өрөөний доогуур ухсан хонгилоор гарч, цагдаа нараас зугатжээ.

 

Эл Чапо тэр явдлаас хойш хэдхэн хоногийн дараа баривчлагдсан нь олон улсын хар тамхитай тэмцэх албаны ялалт байв. Гэвч Мексикийн хамгийн чанга дэглэмтэй, өндөр харуул хамгаалалттай шоронгоос Эл Чапо мөн л газар доогуур хонгил ухаж оргосон юм.

 

Эл Чапог ойролцоогоор 60 орчим настай гэдэг ч яг хэдэн онд төрснийг тэр өөрөө ч сайн мэддэггүй ажээ. Ямартаа ч энэ этгээд Синалаод олон тэрбум ам.долларын ашигтай хар тамхины сүлжээг бий болгосон нь хар тамхины наймааны том мафи болтлоо хүчирхэгжсэн юм. Түүнийг үхлээс олон удаа мултарч, сумнаас зайлж байсан тухай Синалаогийн иргэд домог болгон ярьдаг ажээ. Эл Чапогийн хар тамхины наймаанаас болж цагдаагаас авахуулаад жирийн олон иргэд амиа алдсан боловч Мексикийн энэхүү ядуу мужийн залуус түүнийг бурхан шиг шүтдэг гэнэ.

 

Ядуу фермерийн хүү Хоакин Гузман багадаа жүрж зарж, гэр бүлдээ тусладаг байжээ. Тэрбээр сургуулиа хаяж, төрөлх хотод нь ажил олох боломж бага тул нутгийн иргэдийн нэгэн адил хар тамхины ургамал түүж зарах болсон байна. Эцэг нь олсон хэдийгээ архи, хүүхэнд үрчихээд ихэнхдээ хоосон харьдаг байсан тул Гузман 15 настайдаа анх дөрвөн хамаатныхаа хамтаар хар тамхины ургамал тариалж, өөрийн бизнесийг эхлүүлсэн юм. Хожим Гузман хар тамхины наймаачин, үеэл ахыгаа даган Синалаогаас явж, зохион байгуулалттай гэмт хэрэгт орооцолдсон юм. Удалгүй Эл Чапо Синалаод хар тамхины хууль бус наймааны сүлжээ бий болгож, 1990-ээд оноос Мексикийн хар тамхины ертөнцөд хяналтаа тогтоох болсон байна.

 

 

Эл Чапо Мексик төдийгүй АНУ, Өмнөд Африкг болон дэлхийн бусад улс руу хар тамхи нууцаар гаргадаг сүлжээг хянадаг болсноор олон улсын хар тамхитай тэмцэх албаныханы номер нэг дайсан болсон. Гэсэн ч Эл Чапо гар хөл болсон үнэнч хүмүүс, мэдээлэгч, авилгач албан тушаалтнуудын ачаар хууль цаазаас үргэлж бултаж чаддаг байв. Эл Чапо байнга зугатаж, бултаж, оргож явж ирсэн ч тансаг амьдралын хэв маягаас хэзээ ч татгалзаж байсангүй. Тэрбээр тансаг хоол зоог, дээд зэргийн үйлчилгээ бас биеэ үнэлэгчдэд гар татдаггүй гэдэг. Эл Чапо олон удаа гэрлэсэн бөгөөд сүүлд АНУ-ын миссийн тэмцээнд оролцож байсан бүсгүйтэй хуримласан юм. Эл Чапог мөн Мексикийн савангийн дуурьт тоглож байсан жүжигчин Кэйт дел Кастиллотой амрагийн харьцаатай гэдэг. Кэйт дел Кастилло Холливуудын жүжигчин Шон Пеннийг түүнээс ярилцлага авахад зуучилж өгсөн юм. Шон Пенн Мексикийн мафийн толгойлогчоос ярилцлага авснаас хэдхэн хоногийн дараа Эл Чапог баривчилсан билээ. Жүжигчин Шон Пенн Эл Чапогийн 17 минутын ярилцлагыг Роллинг Стоун сэтгүүлд нийтэлсэн. Хэдийгээр Шон Пенн зартай гэмт хэрэгтнээс ярилцлага авах гэж буйг ихэд нууцалж байсан ч ярилцлагыг хэдийд, хаана авахыг Мексикийн нууц ажилтнууд аль хэдийн мэдчихсэн байсан аж. Эл Чапог баривчилсны дараа Шон Пенн, түүнтэй уулзахад зуучилсан Мексикийн жүжигчин Кэйт дел Кастиллог ч мөн энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Жүжигчин дел Кастиллог текиллагийн бизнесээ эхлүүлэхдээ Эл Чапогоос хөрөнгө авсан, мөн мафийн хууль бус мөнгийг угаасан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа бөгөөд түүний утаснаас мафийн толгойлогчтой хувийн харилцаатайг нотолсон мессеж олсон билээ.

 

Эл Чапог Мексикийн хар тамхины үүр уурхай болсон Синалоа мужаас баривчилж, өнгөрсөн долдугаар сард оргосон Мексикийн Альтиплано шорон руу аваачиж, дахин оргуулахгүйн тулд харуул, хяналтыг дээд зэргээр чангатгасан байна. Форбес сэтгүүлд бичсэнээр Мексикийн энэхүү хар тамхины сүлжээний нэг жилийн ашиг нь гурван тэрбум ам.доллараас их ажээ. Өнгөрсөн жил АНУ-ын Чикаго хот Эл Чапог Аль Капонегоос хойшхи номер нэг төрийн дайсан гэж зарласан юм. АНУ-ын олон дайсны нэг болсон түүнийг өөрийн улсад шилжүүлэхийг АНУ-ын засаг захиргаа шаардсан бөгөөд шилжүүлэх ажил өрнөж байгаа билээ. Гэвч Эл Чапогийн өмгөөлөгчид АНУ-ын шүүх түүнийг шударгаар шүүхгүй гэдэг шалтгаанаар шилжүүлэхгүй байх бүх аргыг хэрэглэж байгаа юм. Хэрэв Эл Чапо дахиад оргочихдоггүй л юм бол хуулийн болон улс төрийн олон шалтгаанаас болоод түүнийг шүүхийн өмнө аваачихад хэдэн сар, хэдэн жил ч шаардагдаж магадгүй.

 

Нэгдүгээр сарын 10-нд Мексикийн Засгийн газар Эл Чапог АНУ-ын талд шилжүүлэн өгөх ажиллагааг эхлүүлсэн гэж мэдэгдсэн авч хэрэгтэнг шилжүүлэх асуудал Мексикийн талаас шалтгаалсан хэвээр байгаа юм. Мексикийн Засгийн газрыг ингэж шийдэж ядаж байх зуур Эл Чапогийн өмгөөлөгчид түүнийг АНУ-ын талд шилжүүлэхгүй байх бүх аргыг хэрэглэж, асуудлыг сунжруулж байгаа ажээ.

 

 

Мексикийн шүүгчид одоогоор Эл Чапог АНУ-ын талд шилжүүлэхийг түр хугацаанд хориглох тухай өмгөөлөгчдийн саналыг хүлээж авсан. Зарим ажиглагчид хуулийн болон улс төрийн шалтгаанаар Эл Чапог АНУ-ын талд шилжүүлэхэд цаад тал нь зургаан жил сунжирч магадгүй гэж таамаглаж байгаа юм.

 

Мексикийн ерөнхийлөгч Энрике Пена Ниетогин засаг захиргаа Эл Чапог АНУ-ын талд шилжүүлэн өгөх асуудалд дорвитой хөдлөхгүй байгаа нь 2018 онд бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл хойш тавьж магадгүй гэх хардлага төрүүлж байгаа аж. Мексикийн хар тамхины ертөнцийн хамгийн нөлөө бүхий этгээд Мексикийн цэргийн эрхтэнүүд болон төрийн албан хаагчдын авилгын талаар ховор мэдээлэл өгөх хүн тул Засгийн газар нь түүний өмгөөлөгчидтэй хэрэгтэнг шилжүүлэх асуудлаар тохиролцоо явуулж болзошгүйг АНУ-ын өмгөөлөгчид хэлж байгаа юм.

 

Гэвч хэрэв Мексикийн тал Эл Чапог АНУ-ын талд шилжүүлэхгүй бол хоёр орны харилцаанд таагүй үр дагавар учрах нь гарцаагүй.

 

Эл Чапогийн хувь заяа яаж ч эргэсэн бай Синалаогийн хар тамхины сүлжээ Мексик, АНУ-ын иргэдийн хувьд аюул занал хэвээр байгаа юм.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна