Абсолют үнэн гэж хаа ч үгүй

2016 оны 1 сарын 21

1. Протагор. Абсолют үнэн гэж хаа ч үгүй

Үнэн гэж ер нь юу юм бэ? Үл хувирах, абсолют туйлын үнэн гэж байдаг юм уу?

-Абсолют үнэн гэж юм байдаггүй юм аа. Үнэлэмжийн хэмжүүр гэдэг чинь, хүн болгоны хувьд харилцан адилгүй юм шүү дээ.

Юу юугүй толгой эргүүлсэн яриа гараад ирэв үү? (хэхэ)

Дээрх байдлаар абсолют үнэнийг үгүйсгэж, “хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэх үзлийг Харьцангуй үзэл гэж нэрлэдэг.  Үнэндээ, хүн төрөлхитөн үнэний тухай анхлан бясалгаж, хамгийн түрүүнд тулж очсон нь энэхүү Харьцангуй үзэл гэх барих барьцгүй дүгнэлт байсан нь бий.

Энэ бол “нийтийн тооллын өмнөх (НТӨ)” гэгдэх балар эртний цаг үе байв. Тэртээх хуучин цагт, хүмүүс орчин тойрныхоо үл ойлгогдох зүйлсээ бүгдийг нь Үлгэр домгоор тайлбарлан аргацаадаг байжээ. Нэг ёсондоо

-Яагаад юм бүү мэд. Ямар ч байсан л бурхан ингэчиж.

гэх байдлаар бүхнийг ойлгодог байсан хэрэг. Жишээлбэл

-Аянга яагаад цахидаг юм бэ?

гэсэн хачирхал гарч ирвэл

-Наад ууланд чинь амьдардаг бурхан авгайгаа араар нь тавьж байгаад баригдаад, бангадуулсан байхгүй юу.

гэх маягаар тайлбарлаад ойлгочихно.

Өнөөгийн бид ийм тайлбар сонсвол

-Ийм тайлбар гэж юу байсан юм. Хүүхдийн гэнэн яриа.

гээд шоолоод өнгөрч магадгүй л юм. Харин бодит байдал дээр иймэрхүү үлгэр домгийг “Үнэн юм болов уу?” гэж эргэлзэх нь, тухайн үедээ бол тун ч боломжгүй явдал байлаа. Яагаад гэвэл аав нь ч, өвөө нь ч, тэгээд түүний өвөө нь ч бас, олон үеэрээ тууштай итгэж явсан зүйлийг хар багаасаа үргэлж сонсож заалгаж, түүгээр хүмүүжиж, тархиа дүүргэж хүн болчихоор чинь хэрхэн яаж түүндээ эргэлзэж чадах билээ? Нэг үгээр хэлбэл, тухайн цаг үед үлгэр домог гээч нь өвөг дээдсээс өвлөгдөн дамжигдаж ирсэн “нийтлэг сургааль” буюу “ердийн ойлголт” байсан хэрэг юм.

Тиймээс “Энэ үлгэр чинь худлаа юм байна” гэх явдал хэзээ ч гарах учиргүй. Үүнийг бидэн дээр орлуулж зүйрлүүлбэл “Дэлхий бол огторгуйн дунд хөвөн орших цэнхэр гариг юм” гэх ердийн ойлголтыг маань “Наадах чинь худлаа” гэж буйтай л адилхан сонсогдох биз. Энэ хэрвээ худлаа байсан юм бол, бидний өвөг дээдэс, тэгээд бид бас өдийг хүртэл юу хийж явсан хэрэг болох вэ? Тийм юм гэж байх учиргүй! Хэрхэвч байж таарахгүй!!!

Гэвч, удалгүй хүн төрөлхитөн тэрхүү “үлгэрт итгэх бат итгэл” нь нуран унах цаг үетэй золгох болно. Тэгэх болсон шалтгаан нь газар тариалан байлаа. Ан гөрөөнөөс газар тариалангийн аж ахуй тийш хийсэн шилжилт. Төдийг хүртэл ан хийж өдөр өдрийн хоолоо залгуулдаг байсан хүмүүс газар тариалангийн ачаар тогтмол их хэмжээний хүнс хураах боломжтой болов. Хүнс хангалттай байснаар олон хүүхэд төрүүлж өгсөх боломжтой болно. Ингэж хүн төрөлхитөн газар тариалангийн нөлөөгөөр тоо толгой эрс өсч, тосгоноос суурин, суурингаас хот үүсгэн хөгжин дэвжиж, тийнхүү хот улсууд (полис) бий болох хүртэл хэмжээнд хүрч очижээ.

Тэндээс хот улсууд нь ч бас цагийн эрхээр томорч тэлсээр, эцэстээ холын тэртээ орших бусад хот улсуудтай холилдохуйц болж ирэв. Нэг ёсондоо, “төдийг хүртэл хэзээ ч хоорондоо уулзаж учирч байгаагүй холын хүмүүс харилцан нүүр тулж, харилцаа тогтоох болсон” гэх, хүний түүхэн дэхь цоо шинэ үзэгдэл бий болжээ.

Яг тэр үеэс, үлгэр домогт итгэгч хүн төрөлхитөний хувьд “туйлын хачирхалтай фактууд” анзаарагдах болов. Тэр бол “Улс болгонд, үлгэр домгийнх нь агуулга харилцан өөр” гэх цочирдмоор бодит байдал байлаа.

үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна