Ц.Цолмон: Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон: Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байна

 

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах сайд Ц.Цолмон өнөөдөр Засгийн газраас долоо хоног бүрт зохион байгуулдаг "Сайдын цаг" мэдээлэлд оролцлоо. Тэрээр салбартаа өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд болоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Ц.Цолмон сайдтай хамт ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нар оролцов. Батлан хамгаалах сайд Ц.Цолмон дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

 

1. БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА

 

2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан байгаа. Энэ хүрээнд бид Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна.

 

Түүнээс гадна “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд батлан хамгаалах зорилт, арга хэмжээг тусгах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж, “Инженерийн рот”-ыг бэлтгэн, илгээх асуудлаар шийдвэр гаргуулах зэрэг томоохон ажлууд хүлээж байна.

 

2. ЧАДВАР ТЭЛСЭН БЭЛТГЭЛ СУРГАЛТ

 

Батлан хамгаалах салбарын хэмжээнд Монгол Улсын бүх 330 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нартай "Цэргийн бэлтгэл сургуулилт"-ыг амжилттай зохион байгуулав. 2015 онд нийт 12 олон улсын болон хамтарсан сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулсан байна. “Хааны эрэлд-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад 22 улс орны 1200 гаруй цэргийн алба хаагчид оролцлоо. Монгол Улс, ОХУ-тай “Сэлэнгэ-2015”, БНХАУ-тай “Анчин бүргэд-2015”, Америкийн Нэгдсэн Улстай "Баланс мажик", Бүгд Найрамдах Турк Улстай "Нүүдэлчин дайчид", Япон улстай “Зам-2015” сургалт, дадлага сургуулиудыг амжилттай зохион байгууллаа. Энэ жил ч мөн адил олон улсын болон хамтарсан сургалт дадлага үргэлжлээд явна.

 

 

3. ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН ЭНХИЙН АЖИЛЛАГАА

 

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо жил ирэх тусам нэмэгдэж, 2002 оноос хойш давхардсан тоогоор 12 000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1185 цэргийн алба хаагч нь ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Афганистан Улсад явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаанд 346, АНУ-ын Төвийн командлалын төлөвлөлтийн бүлэгт 3, НҮБ-ын энхийг сахиулах 6 ажиллагаанд 895, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх 1, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарын Цэргийн харилцааны хэлтэст 1, нийт 1185 цэргийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Манай улсын энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ удирдах төвшинд ч байр сууриа бэхжүүлсээр байгаа юм. НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны Хойд секторын командлагчаар ажилласан бригадын генерал Д.Баярсайханы албанд хурандаа С.Амарсайхан үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицероор дэд хурандаа Г.Болор ажиллаж байна.

 

4. ЦЭРГИЙН ХҮМҮҮЖИЛ-ЗАЛУУСЫН ДУУРАЙЛАЛ

 

Бүх нийтээр цэргийн алба хаах хүрээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 1000 орчим оюутныг хамрууллаа. Энэ жил "Оюутан цэрэг" хөтөлбөр 3 дахь жилдээ амжилттай үргэлжилнэ. Өөр нэг онцлог гэвэл Батлан хамгаалах яам, Монголын Үндэсний их сургуультай хамтран ажиллах хүрээнд анхны "Цэргийн эрдмийн тэнхим"-ийг тус сургуульд байгууллаа. Оюутан залууст эх оронч хүмүүжил олгох энэ арга хэмжээ бусад сургуулиудад ч гэсэн байгуулагдана.

 

5. АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛД АХИЦ ГАРЧ БАЙНА

 

Батлан хамгаалах салбарт алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллалаа. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад орууллаа. Энэ ондоо багтаж хэд, хэдэн ангийн обьектод засвар үйлчилгээ, барилга байгууламж шинээр барьж байгуулна. Ялангуяа, салбартаа хүлээлттэй, барилга гүйцэтгэгч талаас хамааралттайгаар удаашралтай байгаа Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах их сургуулийн спорт цогцолбор энэ оны эхний удиралдаа багтаж ашиглалтад орно. Цэргийн алба хаагчдыг орон сууцжуулахаар алба хаагчдаа ипотекийн зээлд хамруулахаар "ХААН" банк, Төрийн орон сууцны корпораци, Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллаж байна. Түүнчлэн орон сууц худалдан авахад туслах зорилгоор цөөнгүй цэргийн алба хаагчдад 10 хувийн урьдчилгаа олгох асуудлыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шийдвэрлэв. Цэргийн алба хаагчдад зориулсан албан тушаалын 25 айлын орон сууцыг зах зээлийн үнээс хямдралтайгаар худалдан авахаар тохирсон байгаа.

 

Зэвсэгт хүчинд АНУ-аас “UBM” барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаад байна. Энэхүү цогцолборыг Зэвсэгт хүчинд ашиглахаас гадна бусад салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглана.

 

 

6. "МОНГОЛ ЦЭРЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД" ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛНЭ

 

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд энэ жил “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт УИХ-аас 24 тэрбум төгрөгийг баталсаныг та бүхэн мэдэж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний шатлал болж цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалтын үндэсний төвөөс эхэллээ. Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулах энэхүү хөтөлбөр алба хаах хугацаандаа цэргийн болон бусад мэргэжлийг давхар эзэмших ховор боломжийг нээж өгч байна. Хос мэргэжилтэй болсноор тогтмол ажилтай орлоготой болох төдийгүй ажиллах хүчинд дэмжлэг болно. Бүтээн байгуулагч цэрэг болох түүхэн үйлсэд оролцох үйл ажиллагаа энэ удаагийн сургалтаар дуусчихгүй үе шаттайгаар цаашид үргэлжлээд явна" гэсэн юм. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж