Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдана

2016 оны 1 сарын 21

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.01.21/ 8 цаг 30 минутаас хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга нарын нэр бүхий 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай санал, мөн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбогдсон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Өглөөний 8 цаг 40 минут гэхэд хуралдааны танхимд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг болон Иргэний Зориг-Ногоон намаас тус байнгын хороонд харяьалагддаг гишүүд бүгд хүрэлцэн ирсэн юм. Гэвч Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга болон уг төслийг санаачилсан бусад гишүүд хуралдааны танхимд ирсэнгүй.

Иймээс байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналаас гадна Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилахтай холбогдсон чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа тул Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн гишүүдийг хуралдаандаа оролцох, тэр дундаа төсөл санаачлагч Г.Уянга гишүүнийг хуралдааны танхимд орж ирж асуудлаа танилцуулахыг удаа дараа урьж, гишүүдэд хуралдааны дэгийг сануулсан юм.

Ингээд төсөл санаачлагч гишүүн Г.Уянга болон төслийг хамтран санаачилсан бусад гишүүд хуралдаанд ирээгүй тул байнгын хорооны хуралдааныг түр хойшлуулахаар болов.

Тус байнгын хороо Улсын Их Хурлын өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны дараа хуралдана.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна