“Ч.Сайханбилэгийг З.Энхболдоор солъё гэж ярьсан”

2016 оны 1 сарын 21

УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү нар бүлгээсээ тусдаа хуралдсан. Тэд ямар шийдэлд хүрсэн талаар тодрууллаа.

-Л.Цог, Г.Уянга та гурав Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар зөвлөлдсөн байна. Ямар шийдвэр гаргасан бэ?

-Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар бид гурав зөвлөлдсөн. Манай бүлгийн арван гишүүний долоо нь байнгын хорооны дарга, сайдын ажил хийдэг. Тиймээс танхимаа авч үлдээд Ч.Сайханбилэгийг З.Энхболдоор солих ёстой гэж ярилцсан.

-Гарын үсэг зурсан гишүүд үүнийг зөвшөөрөх үү?

-Зөвшөөрсөн болоод гарын үсэг зурсан гэж би ойлгож байгаа.

-Ерөнхий сайдаа сольчихвол танхим тэр чигээрээ унах юм биш үү?

-Засгийн газрын гишүүнээр хэнийг томилох нь Ерөнхий сайдын асуудал. Манай “Шударга ёс” эсвэл одоогийн квотоо хадгалах боломжтой.

-Өнөө өглөө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч ирц бүрдээгүй. Г.Уянга гишүүн өөрөө ороод ирчихсэн байсан бол ирц бүрдээд хуралдаанаа хийчих байсан. Яагаад санаачилсан гишүүн нь өөрөө орж ирээгүй юм бэ?

-Би мэдэхгүй.

-Та Г.Уянга гишүүнийг байнгын хорооны хуралд ор гэж шаардаж болохгүй юу?

-Би хэлсэн. ”Уянгаа ороорой” гэж би хэлсэн.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна