Таван хувийн зээлийг тал бүрээс нь

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Таван хувийн зээлийг тал бүрээс нь

Жилийн таван хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох ховорхон боломжийг Засгийн газар ард олондоо амлаад байна. Жилд ердөө тавхан хувь төлөх зээлийн нөхцөл гэдэг хэдхэн жилийн өмнө бол ердөө зүүд л байлаа. Жилийн 18-19,2 хувийн хүүгээр орон сууцанд ордог байсан бол өдгөө жилдээ найман хувь төлж байгаа. Харин энэ жилээс тэр хүү таван хувь болон буурна . Энэ бол дахин давтагдашгүй боломж. Танд ч, надад ч хэрэгтэй. Харин улс оронд хэр ашигтай вэ, ашиггүй юмаа гэхэд алдагдалгүй байж чадах уу. Энэ асуултын хариуг эрэлхийлсэн сонирхолтой уулзалт хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс зохион байгуулсан бөгөөд сэдэв нь“Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү”. Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, МУИС-ийн багш Б.Алтанцэцэг, Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл нар уригдан оролцсон юм. Уригдсан зочдын хоёр нь уг зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талын төлөөлөл байсан бол хоёр нь хөндлөнгийн судлаач, эрдэмтэн байлаа. Харин “Өөрчлөгч” клубын сэтгүүлчид ипотекийн зээлийн талаарх эргэлзээтэй асуултын хариуг тэднээс нэхлээ.

Таван хувийн зээл эрсдэл дагуулах уу?

Шинэ оны өмнөхөн ипотекийн зээлийн тогтолцоо гацаанд орж, хэсэг хугацаанд зээл олголт завсарласан. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн. Үүнээс үүдэн арилжааны банкууд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохгүй гэдгээ мэдэгдсэн. Сар гаруйн өмнө болсон тэрхүү хэрэг явдлаас үүдэн ёстой л улс даяараа үймцгээсэн дээ. Улстөрчид нь “Ийм явдал болоогүй бол шинэ жилийн өмнө төдөн айл орон сууцанд орох байлаа” хэмээн шоудаж, иргэд нь ч “Би яг л зээл авах гэж байтал зогсоочихлоо” хэмээн гомдоллосон. Харин Засгийн газраас ипотекийн зээлийг олгохоор болсноо зарласан төдийгүй найм бус таван хувиар олгох боломжтой гэсэн гайхам мэдээг түгээж, УИХ-ын дарга үүнийг батлан олон нийтэд мэдээлсэн.

Хууль хараахан батлагдаагүй ч үндсэндээ таван хувийн ипотекийн зээл олгох ажил шуудрах шатандаа орчихоод байгаа юм. Ийм эгзэгтэй үед дээрх хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгийн хамгийн анхаарал татсан асуулт “Таван хувийн зээл эрсдэл дагуулах уу” гэсэн асуулт байлаа. Өнөөдөр бид зээлээ баяр хөөртэй авч байгаа ч 2-3 жилийн дараа хэрхэх вэ, өдгөө 1,9 хувьд хүрсэн инфляци өсмөгч зээлийн хүү дагаж нэмэгдэх үү, зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргаж байгаа вэ, санхүүжүүлэлтээс үүдэж улсын сан хөмрөгт сөрөг нөлөө үүсэх үү гэсэн асуултын хариуг хайж байлаа.

Судлаач эрдэмтдийн зүгээс дараах байр суурийг илэрхийлж байна.

МУИС-ийн багш Б.Алтанцэцэг:

-Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг 2013 оны зургадугаар сараас эхлэн олгож, өдгөө 76 мянган хүн зээлэнд хамрагджээ. Зээлдэгчдийн 75 хувь нь байнгын цалинтай иргэд байгаа бол 15 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажээ. Нийтдээ 3,5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 22 хувьтай тэнцэх хэмжээний зээл найман хувийн хүүтэйгээр иргэдийн гарт хүрсэн гэсэн мэдээлэл бий. Монголбанкнаас гаргасан мэдээгээр 41 мянган иргэнд шинээр зээл олгож, 19 мянган иргэн өмнө нь өндөр хүүтэй авсан ипотекийн зээлээ найман хувь руу шилжүүлсэн юм байна.

Өнөөдөр манай улсын хувьд эдийн засгийн байдал сайнгүй байгаа. ДНБ-ий өсөлт сүүлийн улирлын байдлаар 2,5 хувь болсон. Хэрэглэгчийн итгэлийн индекс 63 хувьтай байгаа зэрэг үзүүлэлтээс харахад хэрэглэгчид гутранги байна. Худалдан авалтын төлөлвлөлтөөс ч нааштай хариу харагдахгүй байна. Иргэд аялал жуулчлал, томоохон эд хогшил, автомашин худалдан авах зардлаа танаж байна. Хугацаа хэтэрсэн зээл 2014 оны арванхоёрдугаар сараас 3,6 дахин өссөний сацуу чанаргүй зээлийн хэмжээ 31 хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Энэ бүхэн санхүүгийн сектор эрсдэлтэй байгааг харуулсаар байгаа юм.

Ийм нөхцөл байдалд таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн өхтөлбөр хэрэгжүүлэх нь хэр оновчтой вэ асуулт яалт ч үгүй төрөөд байна. Зээлийн эх үүсвэр, санхүүжилтийг хэрхэн бүрдүүлж байна вэ, хэдэн төгрөгийн төсөвтэй хөтөлбөр вэ, хэдий болтол хэрэгжих вэ гэсэн асуултад хараахан хариу өгөөгүй байна. Иргэдийг итгүүлье гэвэл эдгээр асуултад тодорхой хариу өгөх хэрэгтэй.

Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл:

-Найм болоод таван хувийн зээлийн цаад утга нь иргэдээ дэмжихэд чиглэж байна уу, эсвэл барилгын салбарыг дэмжээд байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Улс орны хэмжээнд ажлын байр баталгаагүй байгаа. Үүнийг дагалдаад зээл авч буй иргэдийн орлого тогтвортой, найдвартай бус гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Хэдий бага хувийн хүүтэй зээл хэдий ч иргэд зээлээ эргэн төлөх баталгаа байна уу гэдэгт хариу өгөх нь хамгийн чухал асуудал байх аа. Ирээдүйд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүү өсөх магадлалтай юу гэдэг нь ч санаа зовоож байна гэлээ.

“Найман хувийн зээлийг эхлүүлэхэд ч эргэлзээ хардлага гарсан”

Сэтгүүлчдийн хувьд ч таван хувийн зээлээс таатай үр дүн хүлээхгүй байгаагаа илэрхийлж байлаа. Харин УИХ-ын даргын зөвлөх Б.Байгалмаагийн зүгээс дараах тайлбарыг өгч байлаа.

-Та бүхэн асууж буй асуултаа эргээд сайн нягтал даа. Бүгд улс орны мөнгөний бодлоготой уялдатай асуултууд байна. 2-3 жилийн дараа инфляци ямар байх вэ, эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөх үү гэдэг асуултад Монголбанкнаас хариулах юм. 2013 онд найман хувийн зээл олгож эхлэх үед ч яг л ийм эргэлзээ, хардлага гарч байсан. Тэр үед би Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байсан. Монголбанкныхантай олон удаа хэлэлцэж ярилцаж байх үед инфляци 1,9 хувь болон буурна гэж хэн ч мэдээгүй. Гэхдээ буурна гэдгийг баттай хэлж байсан. Тиймээс бид анх 8+-1 гэсэн хүүтэйгээр ипотекийн зээлийг анх өгч эхэлсэн. Урьдчилгаа төлбөрийг ч 10-30 хувь гэж хэлбэлзэлтэйгээр төлөвлөж байсан. Тэгэхээр Монголбанк, Засгийн газрын зүгээс эдийн засгийн нөхцөл байдлаа хараад, алсын үр дүнг тооцож таван хувийн хүүгийн зээлийг гаргахаар шийдвэрлэсэн. Ипотекийн зээл бол зөвхөн барилгын салбарын асуудал биш. Дагалдсан олон бизнесийг хөгжүүлэхийн тулд таван хувийн зээлийн асуудлыг сөхөж гаргасан. Жишээ нь, Нийгмийн даатгалын хуульд л гэхэд ирээдүйд үүсэх тэтгэврийн өв сангийн асуудлыг оруулж ирж байгаа. Тус санд хуримтлал үүсгэнэ. Өмнө нь найман хувийн зээл авсан иргэдийн буцаан төлж буй 2,4 их наяд төгрөгөөс таван хувийн зээлийг санхүүжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж буй нэг асуудал бол барилга, орон сууцны үнэ ханш. Үүнийг яагаад буулгаж болохгүй байна вэ, нийлүүлэлт нь эрэлтээс их байхад үнэ буурах ёстой гэж та бүхэн үзэж буй юм байна. Буянт-Ухааг ч жишээ болгож байна. Тэгвэл Буянт-Ухаагийн барилга барих газрыг улсаас өгсөн, дэд бүтцийг нь улсаас шийдсэн, дотоодын үйлдвэрлэгч нар концерциум болоод дотоодын бараа бүтээгдэхүүн ашиглан дотоодын ажиллах хүчнээр бариулсан. Эхэндээ нэг ам метр талбайгаа 1 280 000 мянган төгрөгөөр үнэлж байсан ч сүүлдээ 1 350 000 болж өссөн. Энэ нь валютын ханшийн өөрчлөлтөөс гадна ажиллах хүчний үнэ ханшаас шалтгаалсан. Гэтэл ийм дэмжлэггүй компаниуд тэр үнээр барилга барих ямар ч боломжгүй. Иргэд өмчлөн авсан газраа ямар өндөр үнээр үнэлж байгаа билээ. Дэд бүтэц татахад хэдий хэр өртөгтэй вэ. Энэ бүгдийг тооцож үзэх нь зүйтэй болов уу. Үнэ буурах тусмаа барилгын чанар мууддаг. Бүх барилгыг газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэйгээр бариуллаа гэхэд барилгын үнэ ханш одоогийнхоос 30 хувиар нэмэгдэх тооцоо гарсан. Чухам тиймээс л барилгын үнэ ханшийг буулгая гэж байгаа бол чанар аюулгүй байдлыг хаяхаас аргагүйд хүрнэ. Тэгэхээр тал талаас нь харж шийдвэр гаргаж байгааг дуулгая. Та бүхэн шүүмжилж, хэлэлцэж байгаа шиг Засгийн газар, УИХ-ын төвшинд ч хэлэлцдэг юм шүү гэдгийг хэлье хэмээсэн юм.

Хэлэлцүүлгийг товчхон сийрүүллээ. УИХ-ын даргын зөвлөхийн зүгээс барилгын салбарын хөгжил хийгээд найман хувийн зээлтэй холбоотой маш олон тоо баримт дэлгэсэн юм. Тэр бүгдийг энд дурдвал тун ч урт жагсаалт гарах билээ. Ямартай ч таван хувийн зээл иргэдэд хүрнэ. Дараа нь гарах эрсдлийг тооцсон гэдгийг л сэтгүүлчдэд дуулгалаа.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж