Магадлан итгэмжлэлийн хугацааг богиносгоно

2016 оны 1 сарын 21

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 100 гаруй их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 71 нь дотооддоо магадлан итгэмжлэгдсэн байдаг юм. Эдгээр сургуулийг 10 жилээр магадлан итгэмжилсэн байдаг аж. Тэгвэл өнгөрсөн онд Магадлан итгэмжлэлийн журамд өөрчлөлт оруулж шинэчилжээ. Ингэснээр их, дээд сургуулийг олон жилээр нь магадлан итгэмжлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Хэт олон жилээр магадлан итгэмжлэгдсэн сургуулийн захиргаа энэ хугацаанд сургалтын чанар, тайлан, үнэлгээгээ гаргаж өгөхдөө хойрго хандах асуудал гарах болжээ. Энэ ч үүднээс их, дээд сургуулийг дээд тал нь таван жилээр магадлан итгэмжлэх нь боловсролын чанарт хэрэгтэй гэж үзжээ.

Мөн журамд оруулсан дараагийн шинэчлэл нь магадлан итгэмжлэлийг хэт материаллаг тал руу нь бус, боловсролын чанар, тогтолцоонд чиглэсэн байдлаар өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулийг магадлан итгэмжлэхдээ сургалтын нөхцөл, бааз, орчин гэдэг дээр голчлон төвлөрөхөөс илүүтэй боловсролын талаас нь түлхүү анхаарч, сургалтын хөтөлбөр, боловсролын чанар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт зэргийг харгалзахаар болжээ.

Дараагийн шинэчлэл нь магадлан итгэмжлэх сургуулийг өмнө нь ганцхан Үндэсний зөвлөлийн хурлаар л шийдвэрлэдэг байжээ. Тэгвэл шинэчилсэн журамд зааснаар магадлан итгэмжлэх сургуулийг гурван үе шатаар дамжуулах юм байна. Эхний ээлжид, өөрийн сургуулийнхаа сургалтын чанар, боловсролд үнэлгээ өгч, Үндэсний зөвлөлийн тавьж буй шаардлагад нийцэж буй эсэхээ үнэлэх юм байна. Ингээд дараагийн ээлжид магадлан шинжлэх хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Гуравдугаарт, магадлан итгэмжлэх эсэхийг нь шийдвэрлэх юм байна. Ингэж магадлан итгэмжлэлийн шалгуурыг өндөрсгөснөөр их, дээд сургуулийн боловсролын чанар дээшилнэ хэмээн үзэж байгаа юм. Энэ онд 15 сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа дуусна. Эдгээр сургуулийн магадлан итгэмжлэлийг сунгахдаа шинэчилсэн журмыг мөрдөх юм.

Одоогоор Боловсролын тухай багц хууль УИХ-аар хэлэлцүүлж байна. Тэгвэл магадлан итгэмжлэлтэй холбоотой бас нэгэн шинэчлэл тус хуульд оржээ. Тухайлбал, одоогийн эрх зүйн орчноор их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн асуудал сайн дурын шинжтэй байгаа юм. Тэгвэл шинээр хэлэлцүүлж буй хуулиар их, дээд сургууль заавал магадлан итгэмжлэлд орох ёстой гэж заажээ.

Харин их, дээд сургуулийн төлөөлөл дээрх шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байна. Тэд хэрхэн хэрэгжүүлэх талаар дараах тайлбарыг өгч байна.

Ийнхүү их, дээд сургуулийг магадлан итгэмжлэлийг эрхзүй, журмаар нарийн зохицуулж, шинэчилснээр сургалт, боловсролын чанар дээшилнэ хэмээн албаныхан үзэж байна.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна