Сонгуульд нэр дэвшихтэй нь холбож шийтгэнэ гэжээ

2016 оны 1 сарын 21

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодрууллаа.

-“Шударга ёс” эвсэл өнөө өглөө 7.30 цагаас хуралдсан. Энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцжээ. Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ямар байр суурьтай байсан бэ?

-Н.Энхбаяр дарга Засгийн газрыг огцруулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-Бүлгийн хурлын дараа Л.Цог, О.Баасанхүү та гурав уулзаад юу ярьсан бэ?

-Бид гурав байр сууриндаа хатуу зогсоно.

-Та нарын энэ хатуу байр сууриас болж бүлгийн чинь зүгээс шахалт ирэхгүй юу?

-Н.Энхбаяр дарга бид гурвыг саналаа татаж авахыг хүссэн. Бид гурав шийдвэрээсээ буцаагүй. Нэгэнт ийм санаа бодолтой байгаа бол сонгуультай холбож арга хэмжээ авна гэж Н.Энхбаяр дарга хэлсэн. Тэгэхдээ үүнээс үл хамаараад бид гурав байр сууриндаа хатуу байна.

-Өглөө 8.30 цагт зарлагдсан Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралд та орж ирээгүй шүү дээ. Яагаад орж ирээгүй вэ. Таныг ирчихвэл ирц бүрдэх гээд байсан шүү дээ?

-Байнгын хороо 19 гишүүнтэй. 19 гишүүний 10 нь ирчихвэл хурал эхлэнэ. Тэгээд гарын үсэг зурсан 19 гишүүн олонхоороо орж байр сууриа илэрхийлнэ гэсэн санал гаргасан. Тэдний шийдвэрийг хүндэтгэхээс өөр арга байхгүй.

-Н.Энхбаяр дарга дараагийн сонгуульд нэр дэвших асуудлаар ярина гэж хэлсэн юм уу?

-Би тийм утгаар нь хэллээ гэж ойлгосон.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна