Н.Номтойбаяр: УИХ-ын дарга дэг зөрчлөө

2016 оны 1 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “УИХ-ын дарга дэгийн хууль зөрчиж, хүч түрэн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өнөөдөр хийлээ.

Тэрээр “УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор ажиллаж байгаа. Гэтэл УИХ-аас хүч түрэн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14.1-ээр УИХ-ын гишүүн харьяа бүлэгтээ саналаа бичгээр гаргаж, бүлгийн шийдвэрээр УИХ-ын тогтоолын төсөл гаргадаг. Нэгэнтээ гадаадад ажиллаж байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй байгаа. Гэтэл УИХ-аас саналыг нь авалгүйгээр Н.Батцэрэг гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг оруулж ирлээ. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байна.

УИХ дахь намын бүлэг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар завсарлага авах эрхтэй. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах горимын санал гаргасан ч хүлээж авсангүй. Энэ нь УИХ-ын дарга УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм.

Ийм нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь үдээс өмнөдөө ирц бүрдэхгүй өнжсөн. Гэтэл одоо хүчээр ирц бүрдүүлэх болж байна.

-Цаашдаа яах вэ?

-Нэгэнтээ тогтоол батлагдсан. Тэгэхээр Н.Батцэрэг гишүүний оронд Г.Батхүү гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Тэгэхээр дараагийн асууудлуудыг хэлэлцэхэд цөөнхийн бүлэг оролцоно.

Энэ нь УИХ-ын сонгуулийн товыг тогтоохоос гадна тойрог мандатыг тогтоох тухай төслүүд юм. Тойргийн мандаттай холбоотой асуудлаар МАН-ын бүлэг дараах санаал дэвшүүлсэн. Улаанбаатар хот 1.4 сая иргэнтэй, тэдний төлөөлөл болж УИХ-д 14 гишүүн суудалтай бйна гэдэг чамлалттай. Тэгэхээр намууд УИХ-ын тухай хуулийн дагуу пропорциональ 28-ын нэрсийн жагсаалтыг гаргахдаа намаасаа чиг үүргээ тодорхой болгож, нийслэлээ хариуцсан байдлаар гаргах. Нэг ёсны жагсаалтын 28 нь нийслэлээ хариуцах. Үүн дээр нийслэлийн зургаан тойргоос сонгогддог 14 гишүүнийг нэмэхээр нийтдээ 42 гишүүн Улаанбаатар хотыг хариуцна гэсэн үг. Энэ нь 76-гийн 53 хувьтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн тойргийн гишүүдийн мандатыг ийм байдлаар хэвээр нь хадгалаад явах бүрэн боломжтой.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд бүлэг завсарлага авах болсон үндэслэл нь юу вэ?

-Ирэх Даваа гаригт бүлгийн хурал болно. Бүлгийн зарим гишүүн гадаадад томилолттой, ар гэрийн гачигдал хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас энэ долоо хоногт хуралдах боломжгүй. Тэгэхээр ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэнэ. Нэр бүхий гишүүд өөрсдийн итгэл үнэмшлийн хүрээнд Оюутолгойн асуудал буюу Дубайн гэрээний хүрээнд огцруулах асуудлыг дэмжсэн.

Бүлэг дээр бол Ерөнхий сайдын анх томилогдохдоо эдийн засгаа сэргээнэ гэсэн амлалт, мөн өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан ажилд нь үнэлэлт дүгнэлт өгнө. Гишүүдийн үндэслэлийг нягталж үзэх зайлшгүй шаардлага бий.

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танай бүлгээс 5-6 гишүүн харьяалагддаг. Үдээс өмнөх хуралдаанд оролцоод суучихсан бол байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчллөлт оруулах асуудал орж ирэхгүй байсан юм биш үү?

-Энэ асуудал дээр УИХ-д олуулаа болсон нөхөд ирцээ бүрдүүлэх, огцруулах санал гаргасан Г.Уянга гишүүн үндэслэл бүхий тайлбараа хийх нь зүйтэй гэж үзсэн.

-Эл тайлбараа та бүхэн байнгын хорооны хуралдаанд албан ёсоор танилцуулж болоогүй юм уу. Танай бүлгийн гишүүд орж ирээд ирцээ бүртгүүлсэн нөхцөлд хурал эхлэх боломж байсан шүү дээ?

-Албан ёсоор тайлбарлая гэхээр ирц нь бүрдэхгүй байсан шүү дээ.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна