“Энэ бол албан тушаал наймаалцах хэрэгсэл биш”

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

“Энэ бол албан тушаал наймаалцах хэрэгсэл биш”

Өнөөдөр үдээс хойш хуралдсан Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан тухай бид мэдээлсэн. Энэхүү хуралдааны дэлгэрэнгүйг хүргэж байна.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга танилцуулсан юм. Тэрбээр:

-Өнөөдөр өглөөний Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдээгүй байсан учир нь хуралдааны танхимд ирээгүй. Ерөнхий сайдыг огцруулах саналд надаас гадна 19 гишүүн гарын үсэг зурсан. Би тэр гишүүдтэйгээ хамт байнгын хорооны ирц бүрдмэгц  хуралдаанд оролцоход бэлэн байсан. Нөгөө талаас энэ санал наймаа тохирооны чухал хэрэгсэл болчихоод байгаа юм байна. Эвслийн бүлгийн дарга Шадар сайд болох ёстой. Тийм учраас гарын үсэг зурсан гурван гишүүн саналаа татаач ээ гэсэн санал тавьсан. Бид санал нийлэхгүй байгаа. Энэ бол хэн нэгний албан тушаал наймаалцах хэрэгсэл биш. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн тухай зарчмын асуудлыг бид ярьж байгаа. Бүх асуудал хууль ёсны дагуу явах нь зүйтэй гэж бодож байна. Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай орон. Асуудлыг олонхиороо шийддэг. Тийм учраас бүх түвшиндээ энэ зарчмыг барьж байх хэрэгтэй гэдгийг эхлэн онцолсон юм.

Дараагаар нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлдээ  “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн  орд газрыг ашиглах нэг тал “Туркиз хилл” болон  “Рио Тинто” компанитай Оюутолгойн далд уурхайн  бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэгчид Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгүйгээр, далд уурхайн санхүүжилт нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж нийт 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Оюутолгойн ордыг ашиглах зардал нь хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан дөрвөн тэрбум ам.доллар. Эрдэнэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д  5.1 тэрбум ам.долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг УИХ-д албан ёсоор мэдээлсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолоор анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол Улсын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг.  УИХ-ын энэ хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд бүх зардлыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн баримт бичигт Засгийн газарт гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчсөн төдийгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монголын талын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулж, тодорхой бус байдалд орууллаа. Түүнчлэн Оюутолгойн үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт орлогынх дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Иймд Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл байна гэж үзэж байна. Үүнийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” хэмээн танилцууллаа.

Танилцуулгын дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр горимын санал гаргасан юм. Тэрбээр:

-Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулна, улсаа хөгжүүлж, хүн шиг амьдруулна гэсэн уриатайгаар Ерөнхий сайдаар томилогдоод Ч.Сайханбилэг жил гаруй хугацаа боллоо. Эдийн засгийн хүрээнд хэрхэн ажиллав, ямар үр дүн өгөхөөр байгааг МАН-ын бүлэг хурлаараа хараахан хэлэлцээгүй байна. Мөн огцруулахаар гарын үсэг зурсан нэр бүхий гишүүдийн үндэслэлийг судалж үзэх шаардлагатай байгаа. Ийм учраас МАН-ын бүлэг тав хоногийн хугацаатай хэлэлцэж байгаа асуудлаас завсарлага авч байна гэсэнд  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-Энэ асуудал он дамжиж яригдсан асуудал. Г.Уянга гишүүний албан бланк дээр гарын үсэг зурсан нэр бүхий гишүүд гэж ярьж байгаа боловч үнэн чанартаа МАН Засгийн газрыг унагаах бодлогоо хэрэгжүүлж байгаа юм байна гэдэг нь тодорхой боллоо. Тийм учраас энэ асуудлыг шуурхай хэлэлцээд явах шаардлагатай байна. Өнөөдөр өглөө 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг товлоод гишүүдийн ирцийг хүлээсэн. МАН-ын бүлгээс нэг ч хүн байгаагүй. Санал өргөн барьсан Г.Уянга гэсэн өөрөө байхгүй байсан. АН-аас Төрийн байгуулалтын байнгын хороонд багтдаг гишүүд бүтэн таван цаг сууж хүлээсэн. Энэ асуудлыг АН руу чихээд нэмэр байхгүй. Тийм учраас энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцээд явахыг байнгын хорооны даргаас хүсч байна гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэн дүгнэлт гаргана” гэж заасан байдаг. Тиймээс МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна. Хуульд заасан долоо хоногийн хугацаанд байнгын хороо хуралдах боломжтой гэж үзэж болох уу. Огцруулах санал зурахаасаа өмнө бүлгээрээ хуралдаж, судалгаагаа сайн хийх хэрэгтэй байж гэж ойлголоо. Тиймээс тав хоногийн засварлагааны хугацаа өглөө” хэмээв.

Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудал хойшиллоо. Үүний дараа УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явуулах товыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж