Бизнесийнхэнд интернет маркетинг ашиглахыг зөвлөлөө

2016 оны 1 сарын 21

20-29 насны залуусын 95 хувь нь, орон нутгийн залуусын 70 орчим хувь нь фэйсбүүк, цахим мэдээллийн сайтуудаас мэдээлэл авч байна. Энэ нь интернет нь хүмүүсийн салшгүй хэрэглээ болсны илрэл. Иймээс бизнес эрхлэгчид цаг үетэйгээ хөл нийлүүлж, цахим ертөнцийг маркетингийн орчин болгон соргогоор ашиглах шаардлагатайг өнөөдөр “Интернет маркетинг конференцид” нэгдсэн залуус сануулж байна. Бизнес эрхлэгчид хэрэглэгчид хаана байна тэнд л бүтээгдэхүүнээ хүргэх зарчмыг баримталдаг. Ингэж чадсан нь амжилт олно гэж “ММGG” компанийн захирал Д.Бум-Эрдэнэ тодорхойллоо. Тэрбээр бизнес эрхлэгчид бүтээгдэхүүний сурталчилгаагаа, улстөрчид пи-араа тухайн нийгэмд медиа хэрэглээ яаж хувьсан өөрчлөгдсөнийг судалж, тухайн суурь судалгаа дээрээ суурилж, аналитик сайтайгаар хямд өртгөөр хийж болохыг зөвлөж байна. Жишээлбэл, зөвхөн өдөр тутмын сонин, телевизэд найдаж, реклам, пи-араа түгээх бус хэрэглэгчийнх олонх хаана шуугиж, юу сонирхож, юунд шунаж  байна вэ гэдгийг тандаж, эрэлттэй нь уялдуулан контентоо урьдчилан сайтар харж байж, үйлдвэрлэдэг байхыг сануулсан юм.

Сошиал медиа судлаачид фэйсбүүк бол олон улсын хөгжлөөрөө Монголд хэрэглэгдэж байгаа. Харин твиттер бол хурдан шуурхай, товчхоноор мэдээллийг түгээдэг үүргээсээ хөндийрч, хэсэг монголчуудын цахим орчин дахь харилцааны хэрэгсэл болсон гэж үзэж байна. Нийтлэлч Г.Анхбаяр бол иргэдийн сошиал медиа дахь харилцаа бодит гэдгийг онцлоод жирийн иргэд шийдвэр гаргагч, урлаг соёлын одтой илүү ойроос твиттер, фэйсбүүкээр дамжуулж харилцаж, санал бодлоо түгээдэг болсныг ярьсан юм. Энэ нь улс оронд өрнөсөн үйл явдлыг хэсэг бүлэг хүний ярьснаар хүлээж авах биш, тал бүрийн өнцгөөс харах боломжийг олгосон хэрэглээ болжээ.

Монгол Улсын нийт иргэдийн сая гаруй нь Фэйсбүүкт нэгдэж, ашигладаг болсон. Өөрөөр хэлбэл, сошиал ертөнц дахь хамгийн олон хандалт, хэрэглэгчтэй суваг нь фэйсбүүк болсны илрэл. Энэ орчинд бага мөнгөөр, том ашиг олохуйц контентыг үйлдвэрлэх боломж их байгааг Б.Саруулбаяр онцоллоо. Аливаа пи-ар, сурталчилгаагаа хийхдээ хэр олонд хүнд хүргэж болох вэ гэдгээ урьдчилан төлөвлөөд, ямар мэдээллийн сувгийг ашиглахаа тодорхойлоод интернет маркетингийг бизнесийн харилцаанд үр ашигтайгаар хийж болдгийг технологийн салбарынхан зөвлөж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна