Хуулиа дээдэл, хууль тогтоогчид оо?

2016 оны 1 сарын 22

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг тойроод хууль тогтоогчид олзоо булаалдах хүй нэгдлийнхэн шиг бужигнаж эхэллээ.

Эрх баригч хүчин Засгийн газрыг авч үлдэхийн төлөө хууль зөрчихөд ч бэлэн байна. Учир юу вэ гэвэл, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийг гадаадад ажиллах үеэр нь Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг томиллоо.

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх болоход Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц 50 хувьд хүрэхгүй нэгхэн гишүүнээр дутсан учраас эрх баригчид хэлэлцэх асуудлын дараалалд ч багтаагүй Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар оруулан баталсан хэрэг.

Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг байнгын хорооны хуралдааныг ирцээр бойкотлоогүй бол Н.Номтойбаяр гишүүний хэлсэнчлэн УИХ хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй л байсан болов уу. Сөрөг хүчин нэрийн дор юм бүхнийг ирцээр хяхдаг араншин нь олонхийн бүлгийг асуудлыг хүчээр шийдэхэд хүргэв. Ийм байдалд хүрэхэд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн оролцоо ч бас бий. Яагаад гэвэл, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн УИХ-д оруулсан бүлгийн санал нь хууль эрх зүйн хувьд хэр хүчинтэй вэ? гэх асуулт тавигдаж байгаа.

Хуульд зааснаар УИХ-ын гишүүн харьяа байнгын хорооноосоо чөлөөлөгдөх бол саналаа бүлэгтээ бичгээр гарган, гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ёстой. Гэтэл гадаадад ажиллаж байгаа сайд Н.Батцэрэг ийм үйл явдал болохыг урьдчилан мэдээд Турк руу мордохоосоо өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ бүлэгтээ гаргасан болж таарч байна уу. Тийм бол УИХ-аар хэлэлцэх асуудалд яагаад Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл багтаагүй юм бэ?. Техник технологи хөгжсөн зуун учраас гар утсаар холбогдож ойлголцож гэж бодъё, гол нь байнгын хорооноос чөлөөлөгдөх хүсэлт нь бичгээр яаж дайгдаж ирсэн юм.

Шударга ёс эвслийн бүлгийн нэр бүхий гишүүний хэлж буйгаар Н.Батцэрэг гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооноос чөлөөлөгдөх хүсэлтээ бүлэгтээ албан ёсоор гаргаагүй байгаа юм. Энэ тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Н.Батцэрэг гишүүнийг чөлөөлж, Г.Батхүү гишүүнийг оруулсан нь аргагүй л хууль зөрчсөн хэрэг болж буй. Нөгөө талдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан үйлдэл юм.

Өнгөрсөн оны хавар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс Ц.Нямдорж, Л.Цог нар Эрүүгийн хуулийн төсөлд туссан торгуулийн өндөр заалтуудыг эсэргүүцэн тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэйгээ УИХ-ын даргад хандан илэрхийлсэн ч хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн хүлээж аваагүй. Үнэндээ ч УИХ-ын дарга хууль дээдэлсэн хэрэг. Гэтэл сая юу болов. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд тогтоолын төслийг яралзтал дэмжээд л баталчихсан. Сөрөг хүчнийхэн ч гэж ёстой нэг лойчихсон нөхдүүд. Ирцээ олигтойхон бүрдүүлчихгүй гурвуулахнаа сууж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө чуулганаар Улс төрийн намын тухай хууль хэлэлцэгдэхэд 100 хувь ирцээ бүрдүүлж оролцоод төслийг төрхөмд нь буцаасан. Гэтэл өчигдрийн чуулганы хуралдаанд 26 гишүүнээс гурав нь л оролцсон нь үнэндээ намынх нь ахмад гишүүдийнх нь дуу алдсанчлан “Хохь нь” гэх үгийг хэлэхээс өөр яах юм.  

Хоёрт, УИХ дахь нам, эвслийн бүлэг нь байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах эрхтэй. Энэ эрхээ цөөнхийн бүлэг эдэлж чадаагүй. Бас л өөрсдөөсөө болсон хэрэг. Чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цагт зарласан байхад яагаад гуравхан гишүүн ирдэг юм бэ. Хуралдаа цагтаа ирэх нь хууль тогтоогчийн хуулиар хүлээсэн үүрэг нь. Гэтэл чуулганы хуралдааныг 1 цаг шахам хүлээлгэсний эцэст гурав нь л орж ирсэн. Энэ бол олонхийн бүлэгт шантааж үзүүлж байна гэхээс илүүтэй сонгогчдоо үл хүндэлсэн үйлдэл юм.

Гэхдээ асуудал үүгээр дууссангүй, ирцээ 51 хувьд хүргэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг эхлүүлсэн ч эцсийн дүндээ УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг харилцан завсарлага авснаар хэлэлцэх асуудал ч үгүй болж, хошин драм өндөрлөсөн.

Эрх баригч хүчний Засгийн газраа авч үлдэхийн төлөөх тэмцлийг олон нийт ойлгож байгаа. Гэхдээ хууль зөрчиж биш хуулийн хүрээнд шийдэх нь ардчилсан парламентын үнэт зарчим юм. Хууль тогтоогчид нь хуулиа дээдэлж үлгэрлэхгүй юм бол ард түмнээсээ хууль мөрдөхийг шаардах ямар эрхтэй юм бэ?.

Олонхи нь олонхи шиг байж, сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсч, сөрөг хүчин нь юм бүхнийг ирцээр бойкотолж ажил уяхаа одоо зогсоо. Ардчилсан парламентад зөвшилцлөөр ажил урагшлах ёстой болохоос биендээ эр бяр гаргаснаар шийдэгдэхгүй.

Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд ч мөн Засгийн газарт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтар. Хувийн тоглолт хийгээд байгаа гишүүддээ яагаад хариуцлага тооцож чаддаггүй юм бэ. Гурван жил гаруйн хугацаанд төрөөр тоглолоо, самарлаа. Сүүлдээ бүр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг УИХ-ын дарга З.Энхболдоор солъё ч гэх шиг хачин хачин юм ярьж байна.

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл санаачилсан гишүүн нь нэр бүхий сайдуудын эцэгт хандан захидал ч бичих билүү. Сүүлдээ бүр ар гэрийнхэн рүү давшлах янзтай. Улс төр хийж байгаа бол соёлтой, ёс зүйтэй хийж хэмжээ хязгаартай байх ёстой. Арай хэтэрч байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна