“Морин хуур-2015” наадам болно

2016 оны 1 сарын 22

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бvр зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах "Морин хуур-2015" наадмын хүндэтгэлийн тоглолт энэ сарын 28-ны 19 цагт Соёлын Төв Өргөөнд болох гэж байна.

“Морин Хуур” наадам нь дууны урын санг дууны ая, аялга, хэлбэр, хөгжмийн найралжуулгыг шинэчилсэн содон бүтээлээр баяжуулсан, үндэсний дууны санг бүрдүүлэх зорилготой бөгөөд мэргэжлийн хөгжмийн урлагийн шалгуурт тэнцсэн, чанартай дууны бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн хамгийн том дууны наадам юм.

29 дэх жилдээ болж буй тус наадамд Төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УГЗ Д.Баттөмөр, Б.Бямбабаяр, Ц.Пүрэвхүү, Д.Цэцэрлэг, Т.Сэр-Од, МУГЖ Г.Тэрбиш, Б.Магсаржав зэрэг дууны мастеруудаас гадна Баян-Өлгий, Увс, Хэнтий, Орхон аймгийн хөгжмийн зохиолчид оролцож, нийт 93 бүтээл өрсөлдсөнөөс 2-р шатны шалгаруулалтад 25 шилдэг дуу тунаж үлдээд байна. Эдгээр шилдэг 25 дууг МУГЖ Ц.Түвшинтөгс, Х. Болормаа,  МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг, ДБЭТ-ын дуучин Б. Анхбаяр, Universe Best Songs наадмын шагналт дуучин Дэлгэрбаяр, “Хурд” хамтлаг нар хүндэтгэлийн тоглолтод амилуулна. Хүндэтгэлийн тоглолтын үеэр Гранпри,  1, 2, 3-р байр тусгай шагнал нийт 5 дууг шалгаруулна.

“Морин хуур-2015” наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр "Ажнай" корпораци, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, хамтран зохион байгуулагчаар БСШУЯ, МҮОНТВ, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Улаанбаатар чуулга, Соёлын төв өргөө, Улсын филармони, хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр Эх орон ТВ, UBS ТВ, МҮОНР, MGL радио, Р3 радио зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Урлагийн нэрт мастеруудын өрсөлдөж буй тус наадмын хүндэтгэлийн тоглолтын тасалбарыг ticket.mn вэбсайтаар борлуулж, соёлын төв өргөөний билетийн кассаар худалдаалж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна