Төрийн ажил гацаанд орлоо

2016 оны 1 сарын 22

Өнгөрөгч мягмар гаригт УИХ-ын 20 гишүүний гарын үсэг бүхий огцруулах төслийг Г.Уянга гишүүн өргөн барьсан нь төрийн ажлыг гацаах шалтаг, шалтгаан болж хувирав.

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцэхээр товлосон ч үдээс өмнө нь хуралдаа ирээгүй УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш энэ асуудлаар тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.

Завсарлага авсан шалтгаанаа МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр тайлбарлахдаа “Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийнхээ үндэслэлийг судална” гэв.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэн дүгнэлт гаргана гэж заасан байдаг”-ийг сануулсан бөгөөд энэ асуудлаар завсарлага авсан МАН-ынхан судлах ёстой байсан юм бол огцруулах бичигт гарын үсэг зурахаасаа өмнө улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үүнээс үүдэж гарах үр дагаврыг нь хүртэл тооцож үзэх хэрэгтэй байсан юм.

Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн 13-ын нэг Н.Номтойбаяр өөрөө. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахдаа Засгийн газартай МАК хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаа ядаж л санах ёстой байжээ.

Ийнхүү Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэх хугацаа дахин долоо хоногоор хойшилж, үүнийг дагаад улс төр, эдийн засагт, ялангуяа гадаад зах зээлд таагүй хүлээлтийг бий болгов. 

МАН-ын бүлгийн дэд даргын хэлсэнчлэн Ч.Сайханбилэг сайд эдийн засгийн хямралыг тогтворжуулж, Тавантолгой, Оюутолгой гэсэн томоохон төслүүдээ урагшлуулахаа амлаж гарч ирсэн нь үнэн.  Гэвч, Ч.Сайханбилэг  Ерөнхий сайдаар томилогдоод жил гаруй хугацаа болж байгаа гэвэл түүний танхимд найман сар ажилласан МАН-ынхан эдийн засгаа тогтворжуулах тал дээр юу хийв. Ч.Сайханбилэгт хариуцлага хүлээнэ гэвэл засагт найман сар хамтарсан МАН-ынхан ч өөрсдөө үүний шалтгааныг асууж ачааны тал хувийг нь үүрэлцэх ёстой бус уу.

Ерөнхий сайдын асуудлаар МАН-ынхан тав хоногийн завсарлага авсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг төвийг тогтоох тухай тогтоолын төсөл, “УИХ-ын болон аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай  тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч АН-ынхан мөн л тав хоногийн завсарлага авсан юм.

Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар намууд төрийн ажлыг гацааж, МАН-ын бүлэг  нь АН-ыхнаа, АН-ын бүлэг  нь МАН-ынхан шантаажилж эхэлсэн нь намрын чуулган завсарлатал УИХ  ямар нэгэн том асуудлаа шийдэж чадахгүй болж магадгүй байна. Намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-аар хэлэлцэх ёстой чухал хуулиуд өнөөдөр ч эдийн засаг, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа билээ. НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон. Эдгээр хуулиудыг шинэчлэх хуулийн төслийг УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслийг өргөн барьсантай холбоотойгоор Ард нийтээс санал асуулга авах хуулийн төсөл мөн л УИХ дээр хүлээгдэж байна. 

Тавантолгойн төсөл бүр баяртай болсон. Оюутолгойгоор одоо улс төр хийгээд эхэллээ. Улс орон мөнгөний хомсдолд орж Засгийн газар зээлийн шинэ эх үүсвэр хайгаад явж байна. Долларын ханш 2010 төгрөгт хүрч гадаадын хөрөнгө оруулагчид гэлтгүй дотоодын бизнес эрхлэгчид ч гадагшаа дүрвэх боллоо. Харамсалтай нь, сонгуулиас өөрийг бодохоо больсон улс төрийн намуудын шоглоомд эдийн засаг маань хэр удаан тэсэхийг хэлж мэдэхгүй. Эцсийн эцэст эдийн засгийн хямралын хамгийн хүнд ачааг тэд биш бид амсана.

Албан тушаал, ар өврийн наймаа хийх улстөрчдөд улс орны ирээдүй, эдийн засгийн засгийн асуудал иргэд бидний зовлон хүртээлгүй. Ч.Сайханбилэгийг гарам дээр нь сольдог юм аа гэхэд гай нь бидний нуруун дээр бууна. Засаглалын хямрал нь эдийн засгаа туйлдуулчихаад байхад дампууруулъя гэж бодоогүй юм бол утгаа алдсан улс төрөө борьцгооё л доо. Хэрэв улс орноо боддог бол шүү дээ.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна