Ай Вэйвэйн тэнгэрийн амьтад Le Bon March дэлгүүрийг чимлээ

2016 оны 1 сарын 22

Парис хотын Сена мөрний Зүүн эрэг дэх их дэлгүүрт Child’s Play гэсэн нэртэй үзэсгэлэн гарлаа.

Парисын Le Bon March Rive Gauche их дэлгүүр нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 20-ны хооронд ид шидийн орон болон хувирахаар шийджээ. Хятадын тэрслүү үзэлтэн зураач Ай Вэйвэй өөрийн Child’s Play (“Хүүхдийн тоглоом”) нэртэй үзэсгэлэнгээ тэнд нээж, худалдааны орон зайг  үлгэрийн ертөнц болгов. Зураачийн үзэсгэлэн нь хятадаар Er Xi гэж сонсогдоно. Хулс цаасаар бүтээсэн  хачин амьтад хуучин дэлгүүрт ийнхүү “амьдарч” эхлэв. Эдгээр амьтад нь манай эринээс өмнөх  IV зуунаас дамжин ирсэн хятад үлгэр домгийн  баатрууд ажээ.

Ай Вэйвэй өөрийн бүтээлийн баатруудыг манай ертөнцтэй харьцуулахад найрсаг,  авхаалжтай, гэхдээ азгүй гэж тодорхойлов. Эртний соёл нь орчин үеийн Хятадын бодлогод таалагдалгүй өнгөрөх нь их. Зураач үзүүлбэрээ санаанд оромгүй газар хийдэг ба  хэчнээн олон хүн бүтээлийг нь үзнэ, төдий чинээ буянтай гэдэг.

Le Bon March дэлгүүрт нээгдсэн үзэсгэлэнг гурав хувааж болно. Дэлгүүрийн үзүүлбэрийн цонхнуудад Вэй вэй инсталляци хийсэн бөгөөд түүндээ өнгөрсөн, одоо цагийг багтаажээ. Дэлгүүрийн таазнаас үл мэдэгдэх амьтад дүүжлээстэй. Нэгдүгээр давхарт хорин метрийн урт лууг  өлгөжээ.

Child’s Play үзэсгэлэнгийн бүтээлийн байрлал нь хуучин, өнөө, энгийн болон хэт ер бусын  хольц юм.  Ай Вэйвэй үзэсгэлэнгээ хотын соёлын агшин зуурын сэтгэмж гэж нэрлэсэн байв. Урлаг музейн орон зайгаас халихаар хотжилтын  зураглалын нэг хэсэг болдгийг Ай Вэйвэйн үзэсгэлэн харууллаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна