Сошиал парламент

2016 оны 1 сарын 22

Өнөөгийн төр түшилцэж яваа этгээдүүд мэл гайхуулж, цэл хөхрүүлж байна. Монголчууд хэзээний хувийн тоглолттой учраас багийн тоглолтоор гавьдаггүй. Бор гэрээ богд, хар гэртээ хаан гэж өөрсдийгөө өмгөөлдөг. Энэ утгаараа багийн бус хувь хүний тоглолттой.

Энэ нь улстөрчдөд өөр өөр шинж тэмдгээр илэрдэг ч эцсийн зогсоол нь нэг. Өнөөдрийн улс төрийн хүчний алинд нь x нарийн тогтвортой бодлого, тогтсон төлөвлөө алга. Үүний гол аюул нь шийдвэр гаргахдаа өөрийнхөө хувийн төсөөлөл, итгэл үнэмшил дээр үндэслэж шийдвэр гаргаж эхэлдэг. Нийтийн эрх ашиг гэхээсээ “би” гэж ухагдахуунаар хандана. Г.Уянга гишүүний үйлдэл үүний хамгийн ойрын жишээ нь. Ерөнхий сайдыг огцруулах хүсэлдээ хөтлөгдсөн тэрээр хөгшин эцэгт нь хүртэл захиа бичиг төрийн ажлыг гудамжны хэрүүл болгож орхисныг хэн хүн харсан байх.

Харин өчигдөр түүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо нь хуралдах гэж хүлээсэн ч ирц бүрдсэнгүй.   

Байнгын хорооных нь дарга нь Г.Уянга гишүүн ороод ирвэл ирц бүрдэж хурал эхлэх гээд байна. Таныг гурван цаг хүрээлээ гэх ухааны юм жиргэсэн бол хариуд нь УИХ-ын гишүүн Г.Уянга “Байнгын хорооны ирц бүрдмэгц орж асуудлаа танилцуулахаар бүтэн 3 цаг хүлээж байна!” гэх жишээтэй. Гэтэл түүнийг нь бас ордноор хайгаад олоогүй нэг тухайгаа нэг хүн жиргэсэн нь УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт.

Төрийн түшээд ордонд бус сошиал ертөнцөд ажлаа хийдэг болоод уджээ. Өмнө нь Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга бас байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга ч бас л тэгдэг.

Сошиал ертөнцөд “бенз”-ээс сурталчилдаг, кендикрашид донтсон, “битон” Д.Ганбат гишүүний хэлснээр "порно студи" байгуулсан гээд олон гишүүн бий. Тэр ертөнцөд үнэлэгдэхийн тулд цас цэвэрлэсэн зургаас эхлээд галыг унтраахад ганц шанага усыг ч хайрлаагүй, хип хоп үглэж, ая дууны дууны дугараа өргөсөн гишүүд өдрөөс өдөрт олширч харин УИХ, түүний байнгын хорооны хуралдааны ирц тэр чинээгээр бүрдэхгүй, бодит ажил хийдэг хүмүүс хоног хоногоор цөөрсөөр байна.

Ямар сайндаа сошиал парламент бий болж түүнийг дагаад телевизүүд төрийн ордноос хийдэг сурвалжлагаа багасгаад онцлох жиргээ, сошиалын дуулиан гэх, коммент зэрэг булангуудтай болох вэ дээ?

Автомат машинаар бус гар аргаар тоолохыг уриалж байсан намынхан маргааш сошиалаар сонгууль явуулъя гэхэд нэг их гайхах юм алга.

Төрийн жившиг, түмний шившиг.

Л.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна