Өмгөөлөгч Б.Батзаяагийн баривчилгааны цаад гогцоо

2016 оны 1 сарын 22

Эрүүгийн цагдаагийн газрынхан өнгөрсөн сараас эхэлж улстөрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан хэд, хэдэн эрхмүүдийг авлигын хэргээр саатуулж таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Эдгээрийн дотроос ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа ба түүний нөхөд гэсэн тодотголтой хэрэг олны анхаарлыг татаж хэрэгт дахин өөр ямар, ямар хүмүүс шалгагдах бол гэсэн хүлээлтийг нийгэмд бий болгосон. Тэгвэл энэхүү баривчилгааны дараа Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн "Ананд энд Батзаяа" хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг 166.1,148.4 гэсэн хоёр зүйл ангиар буруутгаж байгаа.

Тухайлбал, Эрүүийн хуулийн тусгай ангийн 166.1, нь Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн TOO хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлс хийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин 148.4-т Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээх зүйл заалтаар хэрэг үүсгэн яллагдагчаар татаж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл хоригдоод нэг сар болох гэж байхад түүнээс одоог хүртэл байцаалт аваагүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байв. Мөн түүнд дээр дурдсан хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ч дахин өөр нэг зүйл анги нэмж байгааг ч мөн эх сурвалжууд мэдээлж байв. Хамгийн гол нь өмгөөлөгч Б.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.1, 148.4-өөр хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэдгийг цагдаагийнхан албан ёсоор олон нийтэд мэдээллээгүй. Түүнд үүсгэсэн хэргийн зүйлчлэлийн тухай мэдээллийг бидэрэн сурвалжилж, өөрсдийн эх сурвалжаар ийн олон нийтэд ил болгосон болохоос цагдаагаас өгсөн баттай мэдээлэл биш гэдгийг энд дурдах нь зүйтэй байх.

Тэгэхээр дээрх хоёр зүйл ангиас өөр ямар зүйл заалтаар Б.Батзаяаг буруутгах болсон нь сонирхол татаж байна. Сонирхолтой гэж хэлж байгаагийн учир шалтгаан нь хуулийнхан УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны сайд асан А.Гансүх нарын нэр бүхий хүмүүсийн өгсөн мэдүүлгээс хамаарч тэдэнд хэрэг үүсгэн гарах гарцгүй болгох замыг эрэлхийлж буй гэдэг нь үнэний ортой. Учир нь өмгөөлөгч Б.Батзаяа УИХ-ын гишүүн Х.Баттулга, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан гэдгийгхэн хүнгүй мэдэх билээ.

Товчхондоо хууль хяналтын байгууллагынхан дээрх нэр бүхий хоёр эрхмийг нарийвчлан шалгахыг хэчнээн хүсч байгаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын даргын ахлах зөвлөх гэсэн том сэтэр нь бамбай болж байгаа тул тэдэнд тийм ч амар халдаж зүрхлэхгүй байгаа бололтой. Тиймээс л Х.Баттулга, А.Гансүх нартай зүү орох зайгүй явдаг ойр дотных нь хоёр хүн болох “Хоёр” Б.Батзаяаг баривчилж тэднийг улайлгаж чадснаар энэ хоёр хүнийг баривчилна гэсэн тооцооллыг хуулийнхан гаргасан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хуулийнхан зүгээр нэг татвар нуун дарагдуулсан хэргээр буюу 166.1-ээр “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг баривчлаагүй. Энэ хуулийн зүйл заалтууд нь зөвхөн халхавч төдий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.Харин 148.4-т хамаатуулан шалгаж байгаа нь бас л сонирхууштай.Тухайлбал, Б.Батзаяа МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан гэдэг. Тэгвэл МИАТ-ийн мөнгө төгрөг идэж уусан нөхдүүд аль хэдийнэ наранд гарч ирчихээд байхад яагаад одоо энэ хэргийг Б.Батзаяад хамаатуулан шалгана гэж.

Хэрвээ үнэхээр Ч.Хоролсүрэн түүнд залилуулж хоёр сая гаруй ам.доллараа алдсан бол тэрбээр өнөөдрийг хүртэл энэ асуудлаар дуугүй явж байгаа нь хачирхалтай. Уншигчид маань санаж байгаа бол 2013 оны арваннэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүхэд МИАТ-ийн хэргийн гол эзний нэг байсан Ч.Хоролсүрэн улсад учруулсан зургаан тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирлоо бүрэн төлж өнөөдөр наранд гарсан. 

Тэгвэл яагаад тухайн үед Ч.Хоролсүрэн хоёр сая ам.долларын асуудлаар хууль хяналтын байгууллагад өмгөөлөгч Б.Батзаяагийн нэр дээр гомдол гаргаж байгаагүй юм бол гэдэг нь хачирхалтай. Гэтэл бүтэн хоёр жил гаруй хугацааны дараа гэнэт л Б.Батзаяаг бусдын эд хөрөнгийг залилсан байж болзошгүй, мөн татвараас зайлхийсэн гэх асуудалд холбогдуулан түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үйл явдал нь хөндлөнгийн хүний нүдээр харсан ч Х.Баттулга, А.Гансүх нарыг гарах гарцгүй болгохын тулд түүнийг хилс хэрэгт хамаатуулан шалгаж байна гэдэг нь үнэнд нийцэх болчихоод буй юм.

Ямартай ч нэртэй өмгөөлөгч зартай хэрэгт холбогдов уу, аль эсвэл хэн нэгэн хүний өмнөөс “нохойд барьдаг мод” болгох гэж түүнийг баривчилсан уу гэдэг нь олон хүний анхаарлыг татаад зогсохгүй улстөрийг ч мөн адил хөдөлгөж эхлээд байна. Тэгэхээр өмгөөлөгч Б.Батзаяагийн баривчилгааны ард нуугдаж буй улстөрчдийн цувааны цаадах нүүдэл юу байх вэ гэдэг нь улам ихээр анхаарал татаж байна.

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна