Шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулжээ

2016 оны 1 сарын 22

“Оюутолгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулах “Эрдэнийн говь” ёслолыг өчигдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулжээ. Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, үндэсний болон орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч, шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн нийт таван төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулсан юм. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн шилдэг таван ханган нийлүүлэгчийг тодруулаад зогсохгүй Монголын бизнес, аж үйлдвэрийн салбарын ололт, амжилтыг тэмдэглэдэг уламжлалтай.

Ёслолын үеэр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлсэн үгэндээ “Энэ жилийн Эрдэнийн говь-2015 ёслолын нэг онцлог бол бид өнгөрсөн 2015 онд далд уурхайн үйл ажиллагааг цаашид эрчимтэй урагшлуулах “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”, олон улсын 20 гаруй зээлдүүлэгчийн тусламжтай далд уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Оюутолгойчууд, ханган нийлүүлэгчид хамтдаа өнөөдрийн хүрсэн амжилтаа бататгаж, удахгүй эхлэх далд уурхайн нүсэр том бүтээн байгуулалтаа ханган нийлүүлэгчидтэйгээ хамтдаа амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэж онцлон тэмдэглэлээ.

“Эрдэнийн говь-2015” цомын эзэд:

  • Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч – “Эн Би Ай Кэй” ХХК

  • Нийлүүлэлтийн шилдэг гүйцэтгэл – “Мэргэн чадвар” ХХК

  • Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч – “Ханбогд хурд” ХХК

  • Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч – “Мине

  • Гран При – “Максам экплосивс” ХХК

“Оюу толгой” компани өнгөрсөн онд 989 ханган нийлүүлэгчтэй ажилласны 60 гаруй хувь буюу 633 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан байна. 2015 онд дотоодын худалдан авалтын хэмжээ үйл ажиллагааны нийт зардлын 80 хувь болсны зэрэгцээ үүний 51 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулаад байна. Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн 2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн оны эцсийн дүнгээр 66 сая ам.долларт хүрчээ.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна