Үүрэг гүйцэтгэсэн Засгийн газар

2016 оны 1 сарын 22

-Эрх баригч намын дарга нараасаа эхлээд Монголын төр, төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч”, “үүрэг гүйцэтгэгч” гэсэн албан тушаалын цол гуншин нутагшив. Ийм түр орлон гүйцэтгэгчийн тоо улсын хэмжээнд 4000-аар тоологдож байна гэх статистик гарчээ-

Энэ удаагийн УИХ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жил үлдэв. Шинэчлэл хэмээх уриа зонхилсон гурван жилд сонин хачин гэмээр олон үйл явдал өрнөж, нийгэм хэрхэн өөрчлөгдөн хувьссаныг хүмүүс өөр өөрийн амьдралаар жишин хүүрнэхээр болжээ. Нийгэмд өрнөсөн хачин үйл явдлаас энд нэгийг онцлон дурдъя. Энэ бол Монголын төр, төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч”, “үүрэг гүйцэтгэгч” гэсэн албан тушаалын цол гуншин нутагшсан явдал.

Н.Алтанхуягийн Засгийн газар яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын дарга нарыг түр орлон гүйцэтгэгч гэсэн тодотголтой томилсон бол энэ нь сүүлдээ ердийн үзэгдэл болон хэвшиж, түр орлон гүйцэтгэгч дарга нар байгууллагынхаа газар хэлтсийн албан дарга нарыг бүгдийг мөн л өөрийнх шигээ тодотголтойгоор томилсон.

Дарга өөрөө жинхлээгүй учраас доод албан тушаалтныг ажилд томилсон тушаалыг албажуулах эрхзүйн чадамж байсангүй. Улстөрийн албан тушаалд болон төрийн албаны хэмжээнд ийм түр орлон гүйцэтгэгчийн тоо 4000-аар тоологдож байна гэх статистик харагдана.

Цаг хугацааг эргүүлэн харахад, 2012 оны арванхоёрдугаар сар гэхэд Засгийн газар аймгуудын Засаг дарга нарыг дөнгөж батламжилж байсан бол энэ үед үүнээс хэдхэн сарын өмнө томилогдсон яамдын шинэхэн Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн захирлууд түр орлон гүйцэтгэгч гэсэн статусаас салж амжаагүй байсан юм. Гайхалтай нь гурван жил гаруйн дараа ч байдал өөрчлөгдсөнгүй.

Түр орлон гүйцэтгэгчдийн ихэнх нь түр орлон гүйцэтгэгч хэвээрээ хоцорч, тэр байтугай энэ хугацаанд мөнөөх түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг 3-4 хүн ээлжлэн хашиж амжсан байх юм. Нэг албан тушаалыг 3-4 хүнд дамжуулан хашсан нь Засгийн газар солигдсон, албан тушаалууд бүлэг фракци, сайд нарын бялуу түгээлт болж үргэлжилсэнтэй холбоотой. Одоо тэдний дийлэнх нь “түр орлон гүйцэтгэгч” гэсэн тодотголтойгоор 2016 оны УИХ-ын сонгуультай нүүр тулах гэж байгаа юм. 

Жишээ дурдахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн долоо хоногт Ц.Шаравдорж хэмээх гурав дахь түр орлон гүйцэтгэгч даргын гарт шилжив. Шадар сайдын эрхлэх асуудалд хамаардаг энэ агентлагын даргаар Д.Тэрбишдагвын үед Д.Батмөнх, У.Хүрэлсүхийн үед Ш.Раднаасэд ажиллаж байсан бол одоо Ц.Оюунбаатар өөрийн хүнээ томилоод байгаа нь энэ.

Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар дөрөв дэх түр орлон гүйцэтгэгч даргынхаа царайг харсан. С.Буяндалай, Т.Лхагвасүрэн, Ц.Эрдэнэбилэг нар халагдаж, энэ албыг одоо Г.Нямдаваа мөн л ийм тодотголтой хашиж буй. Төрийн албаны тухай хуульд албан тушаалтныг зургаан сар хүртэл ямар нэг шалгуургүйгээр түр томилж болох заалт байх нь байсан. Харин2008 онд энэ хуульд өөрчлөлт орж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга бусад албан тушаалд хэн нэгнийг сонгон шалгаруулах замаар томилдог болгосон билээ.

Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ хуулийг үл хэрэгсэн Засгийн газрын 26 тоот тогтоол үйлдэн, тусгай журам боловсруулж, түр орлон гүйцэтгэгчдийг олноор нь төрүүлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Төрийн албаны зөвлөл үндсэндээ хийх ажилгүй болсон байдаг. Учир нь яам агентлагын даргын сонгон шалгаруулалт мэдлэг туршлагатай нэгэнд биш хэн нэгэн даргын халаасны хүнд үйлчилж, шалгаруулалтын зарчмууд зөвхөн даргын илгээсэн хүнд таарахуйц боловсруулагддаг болсон хэрэг. Ийн өөрчилж явуулахаар бэлтгэсэн шалгаруулалтын босгон дээр засаг өөрчлөгдөж, эсвэл бэлтгэгдсэн дарга нар хувийн алдаа гаргаснаас болж ажлаасаа халагдсан тул Төрийн албаны зөвлөл зарласан шалгалтаа ч авч чадахгүйд хүрсэн тохиолдол хэд хэд гарч байжээ.

Ингэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг төрийн албанд огт хэрэглэгдэхээ больсон түр орлон гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч гэх тодотголыг яагаад эргүүлэн хэрэглэх болсон юм бол. Цаг хугацааг эргүүлэн харахад 2008 оны намар Ардчилсан намын ҮЗХ Н.Алтанхуягийг намын даргаар сонгосон байдаг. Тус намын дүрмээр бол намынх нь Их чуулган буюу Их хурал хуралдаж намын даргаа жинхлэх учиртай. 

Гэвч 2012 оныг хүртэл АН-ын Их хурал хуралдаж, Н.Алтанхуягийг намын даргаар жинхлээгүй ба намынх нь зарим гишүүд түүнийг Ерөнхий сайдын суудлаас буух хүртэл намын дарга биш зөвхөнүүрэг гүйцэтгэгч хэмээн үзэж байсан юм. Харин Н.Алтанхуяг 2012 онд Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж эхэлмэгцээ төрийн жинхэнэ албан хаагчдыг халж, түр орлон гүйцэтгэгч томилж эхэлсэн нь“төрийн жинхэнэ албан хаагчдыг халсан гэх хурц шүүмжлэлийг зөөлрүүлэх, сонгон шалгаруулалтаар илүү сайн хүн томилно гэж тайвшруулах, тэр хооронд намын Их хурлаа хуралдуулж, өөрөө жинхэлж, араас нь түр орлон гүйцэтгэгчдээ жинхэлнэ” гэж бодож байсантай холбоотой байх гэж эх сурвалжууд тайлбарладаг. Гэвч Н.Алтанхуяг хоёр жил гаруй хугацаанд Засгийн газрын тэргүүнээр ажиллаад огцрохдоо энэ бүгдээ хийж амжаагүй. Цаг хугацаа, үйл явдал түүнд ийм боломж олгоогүй.

Сүүлдээ намын даргын суудлаа З.Энхболдод мөн л ҮЗХ-ны шийдвэрийн дагуу өгсөн. 
Одоо З.Энхболд мөн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч бол Л.Эрхэмбаяр мөн л генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Монголчуудын хоржоонтой хэлц үгэн дунд “хоноцын сэтгэлгээ” гэсэн нэг үг бий. Хоноц бол өнөөдөр хоночихоод, маргааш яваад өгөх хүн.

Түр томилгоотой ирсэн албан тушаалтнуудын хэдэн хувь нь өөрийгөө байгууллагын жинхэнэ дарга гэдэгт итгэдэг бол. Ширээн дээр нь заларч, гарын үсэг шаардах албан бичгүүд эрхэм даргыг өдөр болгон “Та жинхэнэ дарга биш түр орлон гүйцэтгэгч шүү” гэдгийг сануулж байгаа. Өмнөх Засгийн газруудын түүхэнд байгаагүй, ийм даргатай агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, ийм төрийн нарийнтай яамдаас бүрдсэн 2012-2016 оны засгийг ердөө “үүргээ гүйцэтгэсэн” Засгийн газар гэж ойлгож болох юм.

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна