Ноён уулын асуудлыг хэлэлцэж эхэллээ

2016 оны 1 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Уг хууль батлагдсанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сан бий болж, Монголбанкны зүгээс 2.5 их наяд төгрөгийг шилжүүлснээр тус санг бүрдүүлэх болж байна. Ингэхдээ бусад орны нэгэн адил энэ санг ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд ашиглана.

Энэ нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, тэтгэврийн санг арвижуулна. Тэр хэрээр өнөөгийн НДШ төлөгчдийн ирээдүй баталгаатай болж байгаа юм. Нөгөө талдаа ипотекийн зээлийг санхүүжүүлэх урт хугацаат найдвартай эх үүсвэр бий болж байгаагаараа ач холбогдолтой.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

“Ипотекийн зах зээл гэнэт нурвал яах вэ, энийгээ дагаад энэ сан байхгүй болбол дагаад төрөөс хөрөнгө гаргах юм руу орчих вий” гэв.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт:

-Одоо байгаа тэтгэврийн сан эрсдэлд орсон. Үе үеийн Засгийн газар санг яаж мөнгөжүүлэх вэ гэдэг асуудлыг судалсаар ирсэн. Эцэст нь Ирээдүйн тэтгэврийн нөөц санг бий болгоё, мөнгөжүүлье гэдэг асуудал яригдаж, энэ хуулиар зохицуулахаар оруулж ирж байна. Ингэхдээ ямар хөрөнгө оруулалт хийж болох вэ гэхээр ипотек байгаа. Хамгийн эрсдэл багатай нь ипотек. Мэргэжлийн байнгын хороодоос санал авсан. Сангийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө явж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:

-Бодит мөнгөн хуримтлалыг бий болгох зорилгоор нөөц сан бий болгож байгаа гэсэн хариулт тус бүр өгөв.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ нь Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай юм. Гацууртын ордыг ашиглахтай холбогдож Ноён уулын тодорхой хэсгийг хамгаалалтад авах асуудал хөндөгдөж байна.

Дээрх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж асуулт асуухаар болсон ч хэлэлцэх төсөлтэй холбогдолгүй зүйл асуух гэж байна гэж УИХ-ын дарга үзэн микрофоныг хаав. Үүнд ундууцсан УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд танхимыг орхин гарлаа. УИХ-ын дарга З.Энхболд “Нэгэнтээ МАН-ын бүлгийн гишүүд ирцэд орсон учраас УИХ асуудлаа хэлэлцээд явна” гэдгийг хэлсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна