Ч.Сайханбилэг: Хөгшчүүлийг амраагаад өг

2016 оны 1 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ–ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч ирц хангалтгүйн улмаас Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа.

Энэхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын дунд ширүүн маргаан өрнөлөө.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Хүннүгийн үеийн булш бунхнаа сүйтгэн байж Гацууртын ордыг ашиглахаар Монголын эдийн засагт ямар үр дүн авчрах вэ. Энд Ерөнхий сайд хариулт өгөөч?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Одоо арай дэндлээ, Г.Уянга аа гишүүн ээ. Огцруулна, гацаана гэх. Энэ улс орон яаж хөгжих юм. Манай аав 80-тай, С.Баярцогт сайдын аав мөн 80 настай. 40-тэй хүүхэн 80-тай хөгшин рүү захиа бичих юм. Энийг чинь нийгэм юу гэж ойлгох юм бэ. Боль л доо. Хийсэн бүтээсэн нь таниас илүү. Амьдралынхаа ханийг алдчихаад гэртээ сууж байгаа хөгшинг тааваар нь байлга. Хөгшчүүлийг амраагаад өг. Тав алхахгүй улс төр битгий хий. Улс төр чинь арай дэндлээ. Дөрвөн жил гангарлаа. Хүмүүс наад улс төрийг чинь дэмжихээ байсан.

Засгийн газар Ноён уулаа хамгаалалтад авсан. Гацууртын ордыг үргэлжлүүлж  ашиглаж дуусгах гэж байна. Ингэснээр татвараар дамжаад 240 сая ам.долларын орж ирнэ. 50 тонн алтны нөөцтэй болно. Долларын ханшийг буулгахад хэрэг болно. Эдийн засгаа явуулахгүй байна гэж та нар огцруулах асуудал тавдаг. Та нарын наад улс төр хэтэрлээ. Хэрээсээ хэтэрлээ. Ард нь монгол хүмүүсийн аж амьдрал байдаг юм. Та нарын халаасанд цуглуулах улс төрийн оноо 37 дахь асуудал. Хүүхдийн мөнгө байхгүй байгаа учраас энийг олохын төлөө явж байна. Ажил хийж байгаа хүн хамгийн хүнд шийдвэр гаргахаас ч аргагүй байдаг юм. Энэ амьдралыг 4 жил их суругуульд суугаад ойлгохгүй байгаа бол гүнээ харамсч байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Эцэг, эхийнхээ 25 жил хийсэн хөдөлмөрийг та нар нураасан. 1000 ажлын байрны төлөө, 240 сая ам.долларын төлөө Хүннүгийн булшийг ухдаггүй юм. Та бүхэн 600 сая долларын зээлийг 10 гаруй хүүтэй зээлэх гээд явж байна. Та нар 25 тэрбум долларын өр тавьсан. Гэтэл та нарын аавууд 11 тэрбум долларын өрөөр энэ Монгол орныг босгосон. Одоо надтай хариуцлага ярих юм биш. Таны өртөө оноо цуглуулах гэсэн популизм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Таны популизмаас болоод 16 хувийн хүү аваад байна. Тийм учраас түүнээс бага хүүгээр гаднаас зээл аваад эдийн засгаа босгоё гэж байна. Энийг ойлгохгүй байгаа бол юу ярих вэ дээ. Хүмүүст хэтэрхий гялгар харагдах гээд та өөрөө популизмдаа хордчихсон байна.

Онцлоход, дээрх асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-аар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хурал хаяж гарсан. УИХ-ын дарга З.Энхболд, Ц.Нямдорж гишүүнийг хэлэлцэж буй асуудалтай холбоотой зүйл асуухгүй байна гэж үзэн микрофоныг нь хаасныг цөөнхийн бүлгийн гишүүд ийн эсэргүүцэв. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд “Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахыг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа юм байна” хэмээн тодотгосон юм.

Ирц тааруу байгаагаас Гацууртын ордоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авахаас өөр арга байсангүй.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна