Цэргийн эмнэлэг эхний улиралд багтаж ашиглалтад орно

2016 оны 1 сарын 22

 

Батлан хамгаалах салбарын удирдлагууд өнгөрсөн онд алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллажээ. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад оруулжээ. Энэ ондоо багтаж хэд, хэдэн ангийн обьектод засвар үйлчилгээ, барилга байгууламж шинээр барьж байгуулах юм байна. Ялангуяа, салбартаа хүлээлттэй, барилга гүйцэтгэгч талаас хамааралттайгаар удаашралтай байгаа Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах их сургуулийн спорт цогцолбор энэ оны эхний удиралдаа багтаж ашиглалтад оруулахаар товложээ. Цэргийн алба хаагчдыг орон сууцжуулахаар алба хаагчдаа ипотекийн зээлд хамруулахаар "ХААН" банк, Төрийн орон сууцны корпораци, Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн орон сууц худалдан авахад туслах зорилгоор цөөнгүй цэргийн алба хаагчдад 10 хувийн урьдчилгаа олгох асуудлыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шийдвэрлэсэн байна. Цэргийн алба хаагчдад зориулсан албан тушаалын 25 айлын орон сууцыг зах зээлийн үнээс хямдралтайгаар худалдан авахаар тохирчээ. Зэвсэгт хүчинд АНУ-аас “UBM” барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаад байна. Энэхүү цогцолборыг Зэвсэгт хүчинд ашиглахаас гадна бусад салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах юм байна.