УИХ-ын чуулганыг завсарлуулав

2016 оны 1 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Төслийг хэлэлцэх шатанд гишүүд усан цахилгаан станц барих төсөл, нарны цахилгаан станц барих төсөл ямар шатанд байгаа талаар тодрууллаа. Эрчим хүчний сайдын тайлбараар баруун бүсийг аймгуудад усан цахилгаан станц барих 2-3 төсөл хэрэгжиж байгаа аж. Эл төслүүд 2016, 2017 онд үргэлжлэх юм байна. Харин нарны станцын хувьд баруун аймагт сэргээгдэх эрчим хүч байгуулахад зориулж 30 сая долларын буцалтгүй тусламж авахаар шийдвэр гарсан. Нарны станц байгуулахад санхүүгийн асуудал үндсэндээ шийдэгдэж байгаа ажээ.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүлээд байна. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Засгийн газарт хандан дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаатай холбоотойгоор Монголд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үнийг буулгах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тавьсан асуулгын хариуг сонсох аж.

Онцлоход, УИХ үдээс өмнөх хуралдаанаараа хүүхэд бүрд алагчлалгүй 20 мянган төгрөг олгох тухай тогтоолын төслийг баталсан бол Ирээдүйн тэтгэврийн сан байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Эдгээр төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан.

Үүний дараа Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дуусган эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хурал орхин гарсан.

УИХ-ын дарга тэдний энэ үйлдлийг “Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахыг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа юм байна” хэмээн мэдэгдсэн юм.

Дараа нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Гэхдээ тогтоолыг баталж чадсангүй, энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байна.

Гацууртын ордыг ашигласнаар 1000 ажлын байр шинээр бий болно хэмээн үзэж буй. Мөн татвараар дамжиж улсын төсөвт 240 сая ам.доллар орж ирнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна