Ажлын байрыг хадгалж, амьжиргааг дэмжихэд анхаарна

2016 оны 1 сарын 22

 

Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөлгөөнд Хөдөлмөрийн яамны харьяа газрууд, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлстийн дарга, МСҮТ, Политехник коллежийн захирлууд, Хөдөлмөрийн яам, харъяа төвүүдийн удирдлагууд оролцож хөдөлмөрийн салбарт анхаарах шаардлагатай асуудлууд, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа ярилцах, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөх юм.

 

Зөвлөлгөөнийг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлсэн үгэндээ хөдөлмөрийн салбарын бодлогыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг орон нутагт мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай хэрэгжүүлж, удирдах албан тушаалтнуудын удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх, салбарын байгууллага, нэгжүүдийн ажлын уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулах замаар иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд хөдөлмөрийн салбарт анхаарах шаардлагатай асуудлууд, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа ярилцах, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор Удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгуулж байгааг дурдаад 2016 онд хөдөлмөрийн салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай хэдэн зүйлийг онцолсон юм. Тухайлбал, орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-үүдийн ажлын уялдааг эрс сайжруулж, сургуулиудын элсэлтийг Хөдөлмөрийн хэлтсийн судалгаанд үндэслэн зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байранд зуучлахыг үүрэг болгов. Мөн гадаадаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгж байгууллагууд гадаад ажилтнуудыг дагалдуулан монголчуудыг сургаж дадлагажуулах,  үйлдвэрлэл дээрх сургалт хэлбэрээр гэрээ хийж ажиллуулахад анхаарах ёстойг салбарынхандаа хэллээ.

 

 

Түүнчлэн  Хөдөлмөрийн хэлтсүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоог хангаж, гэрээ байгуулан үр дүнг тооцох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан болон улсын төсвөөс хуваарилагдсан хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, иргэдэд ил тод, нээлттэй болгох учиртайг ч анхааруулсан.

 

Түүнээс гадна хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зэрэг асуудлаарх дэд хороо, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, эдгээр хороо, зөвлөлийн бүтцээр дамжуулан орон нутагтаа нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтаар олгох мэргэжлийн чиглэлийг тухайн орон нутгийн онцлог, хөгжлийн хэтийн төлөв байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн тогтоож, суралцагчдыг мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, үйлчилгээнд тулгуурлан элсүүлэн суралцуулах, чадамжид суурилсан сургалтыг онолын хичээлээс илүүтэйгээр дадлага ажил, практик сургалтад суурилан явуулж, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тэдэнтэй хамтран боловсруулсан гүйцэтгэлийн шалгуурыг хангахуйц сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулах нь МСҮТ, Политехник коллежийн захирлууд төдийгүй нийт салбарын хэмжээнд анхаарч ажиллах ёстой асуудал гэлээ. 

 

Дадлага  ажил, практик сургалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орчинд явуулахад түлхүү анхаарч түншлэгч байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, МСҮТ-үүдийн үйл ажиллагааны үр дүнг төгсөгчдийн ур чадварын түвшин, ажлын байраар хангагдаж байгаа байдлаар дүгнэнэ гэдгээ Хөдөлмөрийн сайд хэлсэн үгэндээ онцолсон. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд суурилан төрөлжүүлэн хөгжүүлэх асуудлын хүрээнд сургуулийн нэр хүндийг дээшлүүлж, имижийг бүрдүүлэх брэнд мэргэжлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь чухал гэдгийг ярьсан юм.

 

 

Мөн Г.Баярсайхан сайд салбарынхандаа хандаж 2016 он нь Засгийн газрын хувьд онцлог, хариуцлагатай жил учраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, тус тусын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны хүрээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, бий болгох, иргэдийн орлого, амьжиргааг дэмжих ажлууд илүү өгөөжтэй болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

 

Хөдөлмөрийн яамны харьяанд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, аймаг, нийслэл, дүүрэгт Хөдөлмөрийн газар, хэлтэс, мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага ажиллаж, салбарын хэмжээнд 3800 гаруй ажилтан хөдөлмөрийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

 

Зөвлөлгөөнийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт удирдаж, газрын дарга нар өөр өөрийн хариуцсан чиглэлээр 2016 онд хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудал, анхаарах зүйлийн талаар мэдээлэл хийсэн юм.  Хөдөлмөрийн салбарын 2015 оны ажлын тайланг ТЗУГ-ын дарга Г.Сувдаа танилцуулсан бол Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа, 2016 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслийн талаар ХЭБЗГ-ын дарга А.Халиунаа, Хөдөлмөрийн харилцааны бодлогын шинэчлэл, тулгамдсан асуудлын талаар ХХБЗГ-ын дарга Б.Алимаа, Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, анхаарах ямар асуудал байгааг МБСБЗГ-ын дарга Б.Алтанжаргал,  Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын үр дүн ямар байгааг ХШҮДАГ-ын дарга Б.Баянмөнх нар мэдээллээ.

 

2015 онд нийтдээ 77,8 мянган ажлын байрны захиалга ирж тэдгээрт 49,7 мянган иргэнийг зуучилсан, ажил идэвхтэй хайж байгаа бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 32,7 мянга байсан. Хамгийн олон хүн ажилд зуучилсан нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. Тэнд өнгөрсөн онд 5696 хүн ажлын байртай болжээ. Орон нутгийн хувьд 2065 хүнийг ажилд зуучилснаараа Дархан-Уул аймаг тэргүүлсэн байна.

 

Мөн орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага Хөдөлмөрийн хэлтсүүдийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр хөдөө орон нутгаас ирсэн дарга нар өөр өөрийн туршлага дээрээ үндэслэн мэдээлэл хийлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН