Шаардлагатай эмээ тендер зарлаж авна

2016 оны 1 сарын 22

Эмнэлгүүдийн эмчилгээнд нэн түрүүнд шаардагдах нийтлэг эмүүдийг Худалдан авах ажиллагааны газраар дамжуулан тендер зарлаж, нэгдсэн байдлаар худалдан авахаар болжээ. Өмнө нь улсын эмнэлгүүд тус тусдаа шаардагдах эм, эмийн хэрэгслээ өөрсдийн төсвөөр тендер зарлаж, өөр өөр үнээр авдаг байсан юм. Эхний ээлжид зургаан тэрбум 400 сая төгрөгт эм, эмийн хэрэгсэл худалдан авахаар тендер зарлажээ. Өнгөрсөн онд улсын төсвөөс эм, эмийн хэрэгсэлд зориулж 73 тэрбум төгрөг тусгаж байсан бол энэ жил дээрх тоо 13 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 86 тэрбум төгрөгөөр шаардагдах эм, эмийн хэрэгслийг худалдан авах мөнгийг Улсын Их хурал баталж өгсөн юм.

Өнгөрсөн зун эмийн төсөв тасалдаж, эмнэлгүүд өдөр тутмын эмчилгээндээ хэрэглэх эмээ авч чадахгүй, өвчтөнүүдээрээ зөөлгөж байсан. Удалгүй Улсын Их хурал 2015 оны төсөвт тодотгол хийж 13 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт нэмж өгсөн байдаг. Ингэснээр улсын эмнэлгүүдэд үүссэн 7.3 тэрбумын эмийн өрийг тэглэжээ. Учир нь Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын эмийн зардлыг бууруулж баталснаас болж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэл учирч, яаралтай эмчилгээг таслахгүйн тулд улсын эмнэлгүүд эм, эмийн хэрэгсэл нийлүүлэгч компаниудаас зээлээр шаардлагатай эмээ авч байсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна