Геодези, зураг зүйн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2016 оны 1 сарын 22

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр /2016.01.22/  Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Манай улсад газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл мэдээллээр төрийн байгууллагуудын хооронд болон иргэдэд нээлттэй үйлчлэх дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн бизнесийн орчныг сайжруулах, дэд бүтцийн салбарт бүх төрлийн төлөвлөлт, мониторинг хийхэд нийтийн хэрэгцээний байр зүйн зургийг ашиглах шаардлага, хэрэгцээ байдаг байна. 

Энэ бүхнийг зохицуулах хууль, эрх зүйн орчныг Геодези, зураг зүйн тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулахдаа ОХУ, Япон, Индонези, БНСУ зэрэг гадаад улс орнуудын ижил төстэй хууль, эрх зүйн баримт бичгийг судалсан бөгөөд төрийн нууцад хамааруулсан, нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан байр зүйн зураг нь тусгай зориулалттай, бусад байр зүйн зураг нь нийтэд нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна