С.Оюун: Захиаг ойлгохгүй байна

2016 оны 1 сарын 22

Нэгдүгээр сарын 19-ний өдөр МАХН-МҮАН-ын “Шуарга ёс” эвслийн бүлгээс ИЗНН-д албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт тулгамдсан асуудлыг ард түмний талд ашигтайгаар шийдвэрлэхийн тулд ИЗНН-тай хамтран ажиллахыг санал болгожээ. Мөн ИЗНН-аас УИХ-д сууж буй гишүүд “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд сууж болохын сацуу санал бодлоо илэрхийлэх эрхийг нь өгч буй төдийгүй цаашдаа нэгдэж ажиллах боломжтойг ч дурдсан байна. Харин энэ албан бичгийг ИЗНН-аас хэрхэн хүлээж авсныг УИХ-ын гишүүн С.Оюунаас тодрууллаа.

-З.Баянсэлэнгэ гишүүн танай намд албан бичиг хүргүүлсэн байна. Энэ албан бичигт ямар хариу өгөх вэ?

-З.Баянсэлэнгийн илгээсэн албан бичгийг өчигдөр манай намын Тамгын газраас надад ирүүлсэн. Ер нь УИХ-д байгаа бүлгүүд, ажлын хэсэгтэй бид хууль санаачлах хүрээнд хамтарч ажиллаад ирсэн. “Шударга ёс” эвслийн дэд дарга З.Баянсэлэнгийн бичсэн захианы хувьд би бол төдийлөн сайн ойлгохгүй байна. ИЗНН-ын хоёр гишүүн хөндөж тавьсан асуудал, бодлого чиглэлээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас манай бүлэгт сууж болно гэж хэлэх гээд байгаа юм уу даа. Би нэг л сайн ойлгохгүй байна. Бидний хувьд бол цөөн суудалтай ч тодорхой асуудал, хууль, ажлын хэсэг дээр өөрийн намын мөрийн хөтөлбөрийг бүтээлчээр шигтгэхийн төлөө харин ч амжилттай ажиллаж байгаа. Тэр болгон хийсэн ажлаа зарлаад, рекламдаад байдаггүй ч гэсэн нэлээн олон асуудлыг шийдсэн. Цаашид “Шударга ёс” эсвлийн бүлэгтэй нэгдэх тухай асуудал тавьсан ч дэмжихгүй байх.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна