Шенхуа групптэй төмөр замын талаар ярилцжээ

2016 оны 1 сарын 22

Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлаар “Шенхуа” группийн Гадаад үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын компанийн ерөнхийлөгч Лү Бин болон холбогдох албаныхантай уулзсан байна. Тус уулзалтаар Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх болон барилгын ажлыг яаралтай эхлүүлэх талаар санал солилцжээ.

Ингэхдээ тус төрийн өмчийн компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганбат “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхэд нэн яаралтай хийх зураг төсөл, нэмэлт судалгааны ажлууд болон хилийн баганын огтлолцох цэгийн талаар ярилцсан аж.

“Шенхуа” групп Тавантолгойн уурхайн хөрөнгө оруулалт, олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг цогцоор нь хэрэгжүүлэх бодлогын хүрээнд “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хамтад нь шийдэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх, барилгын ажлыг хэзээ эхлүүлэх талаар тодорхой хариу өгөөгүй байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна