МИАТ-ийн удирдлагуудын талаар мэдээлэл хийлээ

2016 оны 1 сарын 22

“Монголын иргэний агаарын тээвэр” /МИАТ/ компанийн зорчигчид, ажилчид болон тус компанийн үйлчлүүлэгчдэд нийлүүлэх хоол, хүнсийг хариуцдаг байсан “Жи ти эм жи эл” компаниас МИАТ-ийн захиргаа удаа дараа хууль зөрчиж, ажлын байрыг нь булаан авсан тухай мэдээлэл хийлээ. Тус компанийн хамт олон МИАТ компанийн Хангамж үйлчилгээний хэлтэст тасралтгүй 15-25 жил ажиллаж ирсэн үндсэн ажилчид байжээ. Гэвч өнгөрсөн 2014 оны есдүгээр сард Засгийн газрын 147 тогтоол буюу МИАТ компанийн зоогийн газрыг компанийн бүтцээс салгаж, Аж ахуйн тооцоонд гаргахаар шийдвэр гарч, цомхотголд орсон байна. Халагдах тушаалаа МИАТ компанийн захиргаанаас авсан зоогийн газрынхан сарын дараа хуучин бүрэлдэхүүнээрээ нийлэн хуулийн этгээд буюу тусдаа “Жи ти эм жи эл” компанийг байгуулж, түрээсийн гэрээгээр МИАТ компанитай хамтран ажиллахаар тохиролцож, гэрээ байгуулсан байна. Түрээсийн гэрээг 30 хоногийн хугацаатай 2014 оны арваннэгдүгээр сард байгуулж, гэрээнд сарын төлбөр хоёр сая 300 мянган төгрөг байхаар тусгажээ.

2014 оны арванхоёрдугаар сард МИАТ, “Жи ти эм жи эл” компани хооронд хамтран ажиллах түрээсийн гэрээ дууссан ч МИАТ компанийн захиргаанаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Иймээс түрээслэгч “Жи ти эм жи эл” компани түрээсийн гэрээ автоматаар сунгагдсан гэж ойлгон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн байна. Улмаар “Жи ти эм жи эл” компаниас түрээсийн хүчин төгөлдөр гэрээ хийхийг МИАТ компани болон Төрийн өмчийн хороонд даалгаж өгөх, төрийн өмчийн гурван талт түрээсийн гэрээг МИАТ компани дангаараа цуцлах эрхгүй болохыг тогтоолгохыг хүсэж өнгөрсөн гуравдугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд ханджээ. Гурван шатны шүүх МИАТ компанийг хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Энэ үеэр МИАТ компаниас нисэх бүрэлдэхүүн, ажилчдын хоолыг хариуцан хийх компанийг шинээр шалгаруулах сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сард зарласан байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр МИАТ компаниас “Жи ти эм жи эл” компанид тус сонгон шалгаруулалтад орох урилга явуулжээ. Гэвч хуулиараа “Жи ти эм жи эл” компани шүүхэд нэхэмжлэл гаргасан үедээ сонгон шалгаруулалт оролцох эрхгүй байжээ. Ингээд МИАТ компани тендерт оролцогсдоос “Тэнгэрийн хөдөлгүүр” компанийг шалгаруулж, өөрийн зоогийн газрыг ажиллуулах эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шийдвэр нь МИАТ компанийн  удирдлага эрх мэдлээ ашиглаж, өөрийн хүмүүстээ “Жи ти эм жи эл” компанийн үйл ажиллагаа буюу бизнесийг булаан авч өгсөнө үйлдэл гэж “Жи ти эм жи эл” компанийн захирлууд тайлбарлалаа.

Харин МИАТ компанийн гэрээ хариуцсан мэргэжилтэн дээрх мэдэгдлийг үгүйсгэж ““Жи ти эм жи эл” компанийг хариуцсан ажлаа чанартай хийж гүйцэтгээгүй. МИАТ компанийн ажилчид зоогийн газартаа хоолыг нь голоод орохоо больсон. Улмаар ажилчид хоол хийдэг хүмүүсээ солихыг захиргаандаа мэдэгдэж, хүсэлт гаргасан. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлаж, хуулийн дагуу “Тэнгэрийн хөдөлгүүр” компанийг шалгаруулсан. Удаа дараа шүүхийн шийдвэр МИАТ компанийг хууль зөрчөөгүйг нотлоод байхад “Жи ти эм жи эл” компани өөрсдийн алдаагаа ухамсарлахгүй, худал мэдээллийг хийлээ” гэж ярилаа. Мөн МИАТ компанийн зүгээс ажилчдаас сэтгэл ханамжийн байдлын талаарх судалгааг авахад 90 хувь нь “Жи ти эм жи эл” компанитай хамтарч ажиллахгүй, сэтгэл ханамжгүй гэж хариулжээ.

Улсын дээд шүүхийн тогтоол өнгөрсөн арванхоёрдугаар сард МИАТ компанийн талд гарчээ. Ингэснээр  “Жи ти эм жи эл” компани цаашид МИАТ компанийн зоогийн газрын үйл ажиллагааг хариуцан ажиллах эрхгүй болсон байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна