Нефтийн үнэ яагаад буухгүй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ яагаад буухгүй байна вэ?

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Засгийн газрын тэргүүнд хандан тавьсан газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл сонсож байна.

Дэлхийн зах зээлд 1 баррель газрын тосны үнэ 30 ам.доллараас бууж 28 ам.доллар луу унасан байна. Жил гаруйн өмнө дэлхийн зах зээлд нефтийн үнэ 1 баррель нь 120 ам.доллартай байсан ч олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж буурсаар буй нь энэ аж.

Мэдээллийг Уул уурхайн сайд танилцуулав. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 80 хувиар буурч өнөөдөр 1 баррель нь 28 долллар болсон байна. Ингэж үнэ буусан тохиолдолд дотооддоо нефтийн үнийг бууруулж чадвал маш олон иргэний амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр хийж байгаа ажил байна уу?

Уул уурхайн  сайд Р.Жигжид:

-Уул уурхайн яам, Газрын тосны газар үнийг тогтворжуулах, буулгах чиглэлээр байнга ажиллаж байгаа. Баруун, зүүн хязгаараа зохих хэмжээгээр буулгасан. Манай улс импортын нефтиэр хэрэгцээгээ хангадаг. Түүхий газрын тос 1.2 сая тонныг экспортолдог ч гадаадаас импортоор авч хэрэгцээгээ хангадаг. Нефтийн үнийн уналт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Дагаад савлаад өсч болзошгүй учраас болгоомжтой хандаж байна. Судлаачдын зүгээс яван өснө гэсэн прогноз хийсэн.  Тийм учраас боломжтой үед нь буулгах, улсын төсөвт татвараа татах зэрэг арга хэмжээ авч байна.

УИХ-ын гишүүн Г.Сарангэрэл:

-120 ам.долларын үнэтэй байсан нефть 28 ам.доллар руу орж буурчхаад байхад манайд буурахгүй байгаа нь олны анхаарал татаж байгаа. Тогтвортой нэрээр 1660 төгрөгөөс доош буухгүй байна. Тухайлбал, Засгийн газар нефт импортлогчдоос татвараа ахиу авах бодлого барьж байгаагаас үнэ буурахад нөлөөлж байна гэсэн яриа байна. Хэзээнээс дотоодоосоо нефтиэ хангадаг болох вэ?

Уул уурхайн сайд Р.Жигжид:

-Гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унаад байхад Монголд тэр хэмжээгээр буурахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Маш сайн ойлгож байгаа, байнга яригддаг асуудал. Онцгой албан татварыг 2 ч удаа УИХ-аар батлуулж авсан. Татвараа татаж төсөвт төвлөрүүлж, ямар нэг хэлбэрээр ард түмэнд буцаан тэтгэмж тэтгэврээр очиж байгаа.

Хоёрдугаарт, нефть бүтээгдэхүүний хараат байдлыг яаж өөрчлөх вэ гэдэг чиглэлээр анхаарал тавьж ажилладаг. Монголд 1 сая орчим тонн газрын түүхий тос олборлодог болсон. Хэрэгцээ харин 1.3 сая тонн байдаг. Дотоодоосоо хэрэгцээгээ хангах болоогүй байгаа. Жижиг оврын үйлдвэр байгуулах чиглэлээр Аж үйлдвэрийн яаманд их ажил явж байна. Говьд үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ нь хийгдэж байна.

Өмнө нь нефтийн үнэ зөвхөн нэг газраас хамааралтай байсныг задалж Хятад, Япон, Солонгос зэрэг хэд хэдэн орноос татдаг болсон. Урд хилээр татан авалтыг нэмэгдүүлсэн. Эдгээрийн зэрэгцээ бусад жижиг боомтоор авах чиглэлээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Уул уурхайн сайд нь Сангийн яамны газрын дарга шиг орлого талын юм яриад сууж таарахгүй. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс, төмрийн хүдэр өнөөдөр өрсөлдөх чадваргүй байна. Нефтийн үнэ өндөр учраас ийм байдалд хүрсэн. Таныг би Эрдэс баялгийн сайд гэж харж байна. Гэтэл ОАТ тавьчихвал хөгшчүүлийн тэтгэвэр тэтгэмж тавихад нэмэртэй юм гэдэг тайлбар хийж таарахгүй. ОАТ-аар цөөхөн хэдэн төгрөг олж байгаа. Хэрвээ тэрийг тавиагүй бол иргэдийн халааснаас 132 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байна. Уул уурхайн салбар өрсөлдөх чадвартай байх, монгол өрхийн зардал буурч байх нь ашигтай юм байгаа биз дээ. Инфляци 2 хувь боллоо гээд гайхуулаад байна. Монголын инфляци мах, шатахуун 2-т л байдаг. Дээр нь доллараа 1400 төгрөгөөр тооцоод солиод сууж байгаа. Ийм дампуу төр байж болдог юм уу?

Уул уурхайн сайд Р.Жигжид:

-Уул уурхайн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр байнга анхаарал тавьж байгаа. Шаардлага хангасан аж ахуйн нэгж цаад талтайгаа гэрээ хэлцэл хийгээд хямд үнээр татан авах боломж нь нээлттэй. Үнийн бодлого явуулахдаа Уул уурхайн дангаараа шийддэггүй. Мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагаас төлөөлөл оролцсон Үнэ тогтоох зөвлөл гэж байдаг, аж ахуйн төлөөлөл ордог. Энэ дээр ярьж санал болгосноор үнээ цааш нь яах вэ гэдгээ зохицуулдаг. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар, УИХ-д оруулж шийдүүлдэг. Хүчээр зохицуулах боломж байдаггүй.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Баруун, зүүн аймгийн нефтийн үнийг 10-15 хувиар бууруулсан. Сар шинээс өмнө төвийн бүсийн нефтийн үнийг бууруулна. Өнөөдөр Замын-Үүдэд буурч байна. 1 тонн нефтийг 440 ам.доллараар худалдан авч байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж