12 их наядын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллажээ

2016 оны 1 сарын 22

Хөрөнгө оруулалтын газар нь хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, улмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр шимийг дээшлүүлэх, нэгдмэл бодлогоор зохицуулах чиглэлээр Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд харъяалагдаж үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг юм. 2015 оны эцсийн байдлаар БНЧУ, ХБНГУ, Япон, АНЭУ, ИБУИНВУ зэрэг 19 орны нийт 3500 орчим хөрөнгө оруулагчдад 55 удаагийн дотоод, гадаадын бизнес форум, уулзалтыг зохион байгуулж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулга, сурталчилгаа хийсэн байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад зөвлөгөө мэдээлэл өгөх “Хөрөнгө оруулагчийн менежер” үйлчилгээг нэвтрүүлж, 1200 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээг хүргэжээ. Монгол Улсын хувьд анхны болох “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг 2015 оны хоёрдугаар сард Япон улстай байгуулсан бөгөөд гурван жил орчим үргэлжилсэн тус хэлэлцээрийн “Хөрөнгө оруулалтын бүлэг”, “Бизнесийн орчныг сайжруулах бүлэг”-ийг Хөрөнгө оруулалтын газар хариуцаж, хэлэлцээрийг байгуулахад идэвхитэй оролцсон байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний томоохон бүтээн байгуулагч “Монголын алт” ХХК-ны “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төсөл, “Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр” төсөл, “Монполимет” ХХК-ны “Монцемент үйлдвэр” төслийн хүрээнд нийт 3 их наяд 38 тэрбум төгрөгийн төсөлд тус тус Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжсэнээр барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар үнэ буурах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд нийт 3 их наяд 215 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий төслийг үнэлж холбогдох хуулийн этгээдүүдэд Тогтворжуулах гэрчилгээ олгосон. Эдгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, Тогтворжуулах гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжиж чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа томоохон бодит дэмжлэгийн нэг юм. Монгол Улсын Засгийн газрын 317 тоот тогтоолоор баталсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад орсон төслүүдээс 2015 онд нийт 5,5 их наяд төгрөгийн 14 төсөлд Концессын гэрээ байгуулсан бол 2 төсөл гэрээ байгуулах эрх авсан, 12 төсөл концессын гэрээ байгуулах хэлэлцээний шатанд явагдаж байна. Ийнхүү өнгөрсөн 2015 онд Хөрөнгө оруулалтын газар нь хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн бодлогын түншлэлийн хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын нийт 12 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл дээр бодит дэмжлэг үзүүлж ажилласан байна.

О.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна