Багш сурагчдынхаа ур чадварыг гайхуулав

2016 оны 1 сарын 22

Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн  үргэлжилж байна. Зөвлөлгөөнд яам болон харьяа газрын удирдлагууд, нийслэл, дүүрэг, аймгуудын Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн захирлууд 80 гаруй хүн оролцож буй юм. Уг зөвлөлгөөний үеэр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Барилгын политехник коллеж хамтран оюутан сурагчдынхаа бүтээлийн үзэсгэлэнг гаргасан юм. Үзэсгэлэнг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үг хэлэхдээ "Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийн ажиллах хүчнийг манай яамны харьяа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд бэлтгэж байна. Цаашид салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх, гадаад, дотоод харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж буй асуудлуудаа даруй шийдвэрлэж байх шаардлага тулгарч байгаа” гээд үзэсгэлэн гаргаж бэлтгэж буй мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг гайхуулсан сургуулийнханд баяр хүргэлээ.  

Үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүс мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт бэлтгэж буй боловсон хүчин жил ирэх тусам чанаржиж чадваржиж буйг онцолж байлаа. Бүтээлээ дэлгэсэн сургуулиудаас Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж 50 жилийн ойгоо угтан багш, оюутнуудынхаа урласан шилдэг бүтээлийн дээжээр өргөтгөсөн үзэсгэлэн гаргасан нь олны анхаарлыг нэлээд татсан юм. Тус сургууль Бүгд Найрамдах Энэтхэг улстай хамтын ажиллагаатай байж, орчин үеийн дэвшилтэд техник, технологи дээр дадлагажсан мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаа гэдэг нь үзэсгэлэнгийн бүтээлүүдээс нь харж болохоор байлаа.  Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн хувьд 1938 онд "Дарга-мастер бэлтгэх сургууль"-аар сууриа тавьснаас хойш  тухайн үеийн нийгмийн захиалгад нийцүүлэн үсчин, гоо сайхан, арьсан эдлэл, урлал, оёдолчин зэрэг мэргэжлээр нийт 52 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэж төгсгөсөн байна.

БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр үе шаттайгаар нийт 2,8 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн багш нараа БНЭУ-д орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлагжуулах, мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтанд тогтмол хамруулж ирсний үр дүнд орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлагажсан чадварлаг боловсон хүчин бэлтгэх сургалтын бааз, сууриар хангагдаж, төгсөгчид нь орчин үеийн ямар ч тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай, зах зээлд эрэлттэй, хамгийн түрүүнд ажлын байраар хангагдаж чаддаг мэргэжлийн боловсон хүчин болж төгсч байгаа юм. Энэ хичээлийн жилд тус сургууль үсчин, гоо сайханч, монгол дархан, сийлбэрчин, автомашины засварчин, оёдолчин, компьютерийн мэргэжилтэн, хэвлэх үйлдвэрийн хэвлэгч, гагнуурчин, цахилгаанчин зэрэг өнөөгийн нийгэмд хамгийн эрэлттэй нийт 32 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа бөгөөд төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг тухай тус сургуулийн захирал Д.Даваажав зөвлөлгөөнд оролцогчдод танилцуулсан.

Үзэсгэлэнд оролцож буй Барилгын политехник коллеж Монгол Улсын барилгын салбарын мэргэжилтэй ажилчдын дийлэнх хувийг бэлтгэсэн манай ууган сургуулиудын нэг бол Монгол-Солонгосын политехник коллежийн төгсөгчид хөнгөн үйлдвэрийн салбарт ур чадвараараа гайхагддаг юм.

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна