Аврагчид шинэ барилга, орон сууцтай боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Аврагчид шинэ барилга, орон сууцтай боллоо

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар Гал унтраах, аврах ангийн шинэ барилгатай боллоо. Онцгой байдлын албаны албан хаагчдын ажлын байрны нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү  нар оролцжээ.

Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцлийг сайжруулах, тэдний  нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн томоохон үйл явдал болж байгаа юм.

Онцгой байдлын газрын хоёрдугаар зэрэглэлийн Гал унтраах, аврах анги нь 36 албан хаагчтай. Говьсүмбэр аймгийн хувьд ахуйн гал түймэр, салхи шуурга, зам тээврийн осол ихэвчлэн тохиолддог. Өвлийн улиралд иргэд цасанд боогдож автомашинтайгаа хээр, гадаа суух, төөрөх зэрэг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагуудад зонхилон ажиллаж байгааг Говь-Сүмбэрийн онцгой байдлын ажилтнууд хэлж байлаа.  Гал унтраах, аврах ангийн барилга нь найман айлын орон сууцны хамт баригдсан бөгөөд алба хаагчид өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаас орон сууцны түлхүүрээ гардан авлаа. Улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Гал унтраах, аврах анги нь 4300 м кв талбайтай, гурван давхар барилга юм. Барилгын гүйцэтгэгчээр “Зос трейд” ХХК ажиллаж ангийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд ийнхүү хүлээлгэн өглөө.

Гал унтраах, аврах ангийн барилга нь Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хувьд гал унтраах, аврах ангийн хуучин барилга нь баригдаад 25 жил болсон юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж