Мароккогийн Хөх сувд

2016 оны 1 сарын 23

 

 

Энэтхэгт Жодхпур нэртэй цэнхэр хот гэж байдаг. Марокко бас цэнхэр хоттой. Мароккогийн сувд гэх энэ хотыг Испаниас хөөгдсөн еврей, арабчууд XV зууны сүүлчээр байгуулжээ.

 


 

Очиход бэрхтэй байсан хотыг Португали, Испанийн довтолгооноос хамгаалж байлаа. Хот XV ба XVI зуунд хамгийн их цэцэглэн хөгжжээ. 1920 он хүртэл христийнхэнд хаалттай байв. Хотын ханыг цагаан цэнхэр индиго өнгөөр эмэгтэйчүүд нь будаж иржээ. Өнгөц харахад тэд латин америк эмэгтэйчүүдтэй төстэй. Учир нь өнгө бүрийн өнгийн чимэгтэй сийрсэн бүрх малгай ба хурц тод өнгийн банзлаар гоёдог.

 

 

Хотын төвийн цайзын үүдэнд бяслаг, ногоо зарсан олон тариачин эмэгтэйг харж болно. Өөрсдийн нэхсэн хүнд банзлууд нь тэднийг ууланд малаа хариулахаар явахад нь тэнцвэр болж өгдөг гэнэ. Эдгээр эмэгтэйчүүд нь өнөөг хүртэл лалын оронд гэр бүлээ тэжээдэг эхийн эрхт ёсны төлөөлөгчид юм байна. Шауин нь мөн ариун хот гэгдэхээс гадна “Мянга нэгэн шөнийн үлгэрийн” гэмээр үзэсгэлэнтэй хот юм.

 

“Хөвж буй цөл”

 

 

Хөвж буй цөл гэж Атлантын далайн хэсэг болох Саргассын тэнгисийг хэлнэ. Энэ “цөл” хойд Атлантын баруун өмнө хэсэгт, Бермудийн арлууд ба Вест-Индийн хооронд оршино. Усны гадаргын антициклоны эргэлтийн төвд байдаг болохоор түүний урсгал болон салхи нь зөөлөн. Өвлийн цагт усны хэм нь цельсийн +18 градусаас буурдаггүй учир хүрэн өнгө давамгайлан саргасын усны ургамлаар уг тэнгис дүүрэн байдаг. Тоо томшгүй ургамал гадарга дээр нь хөвж байдаг гэнэ.

 

Тэнгисийн жижиг амьтад болох сам хорхой, хавч зэрэг үй түмэн амьтдын амьдрах хамгийн таатай орчин нь хөвж буй цөл. Эдгээр амьтад далайн ургамалгүйгээр амьдрахгүй.

 

 

Сонирхолтой нь, Европын могой загас хүртэл түрсээ шахахаар тийшээ нүүдэг аж. Тэр цэнгэг усанд тав, заримдаа 20 жил амьдарч байгаад гэнэтхэн бэлгийн зуршилдаа автан Саргассын тэнгисийг зорин 5,5 мянган км замын аянд гардаг. Тэнд л 1220 метрийн гүнд түрсээ шахан үр удмаа үлдээгээд дулаан тэнгист “ясаа тавьдаг” аж. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ нутгийг зорин тэндээс ирж, цэнгэг уснаа амьдарч нас бие гүйцдэг байна.

 

Далай ой модтой нийлдэг нутаг

 

 

Африк, Америк, Австралийн халуун орны бүс нутгийн далайн эргийг, үе үе усанд автаж байдаг газарт ургадаг мангрогийн ой гэх модны ургац хүрээлсэн байдаг. Мангрогийн ой 20 төрлийн модноос бүрэлдэнэ. Дунд зэргийн өндөртэй бөгөөд хамгийн өндөр мод нь 30 метр л хүрнэ. Мангрогийн ургамал жижиг арьслаг навчтай, тэнд дэгжин цагаан цэцэг ургадаг. Мангро нь ус ба газрын аль ч орчинд ургадаг ер бусын ургамал юм.

 

Далайд хамгийн их ургадаг моднууд нь ризофорууд (Rhizophora mucronata) ба тэдний нэр нь “үндэс тээгч” хэмээн орчуулагдана. Далайн татлагын үеэр эдгээр модны иш нь тулгуур дээр байгаа мэт харагдах ба бүдүүн мушгиа үндэс нь шаварт гүн суусан мэт. Иш ба салаанаас нь олон тооны агаарын гэмээр үндэс салаалан унжиж уг ургамалд далайн долгионтой тэмцэлдэхэд нь тулгуур болж өгдөг ажээ. Унасан навчис нь гумус гэгчийг бий болгон алхам алхмаар уснаас хуурай газрыг эзлэн тэлэх аж.

 

Мангрогийн модны үржил бас л сонирхол татмаар. Модны үр нь салаанаас нь ургах үр жимсэнд боловсроод нахиа нь хурц үзүүрээрээ шаварт унан зоогдоно. Хэдэн цагийн дараа тэр нь шаварт бат бэх зоогдсон байдаг. Тийм ч учраас мангрогийн модыг амьд үр төрүүлэгч гэж нэрлэдэг гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна