Шатахууны үнэ дахин буурах уу?

2016 оны 1 сарын 23

Дэлхийн зах зээлд 1 баррел нефтийн үнэ 30 ам.доллараас доош унасан хэдий ч Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ төдий л дагаж буурахгүй байгаа. Гэхдээ алслагдсан хязгаар нутгуудад зарагддаг шатахууны үнэ Улаанбаатар хотынхоос 1 литр тутамдаа 150-400 орчим төгрөгийн өндөр үнэтэй байсныг татварын зохицуулалтаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн буулгасан. Тэгвэл Уул уурхайн сайдын чуулганд хийсэн өчигдрийн мэдээллээр энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлийн үнэ ханшийг дагаж буурахгүй байгаа нь хэд, хэдэн шалтгаантай аж.

Үүнд нэгдүгээрт, Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг 100 хувь импортын шатахуунаар хангадаг. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлд өнөөдөр 1 баррель нефтийн үнэ 28 ам.доллар руу буусан ч судалгаагаар аажимдаа өсөх дүр зураг гарч буй аж. Тиймээс тэр бүгдийг дагуулан ойр, ойрхон нефтийн бүтээгдэхүүний үнийг хөдөлгөх нь осолтой хэмээн үзэж байгаа бололтой.

Нөгөө талдаа Засгийн газрын хуралдаанаас шатахуунд ногдуулж ирсэн Гаалийн татварыг 5 хувь болгон нэмэгдүүлжээ. Ийм шийдвэрийг Засгийн газар 2015 оны 65 дугаар тогтоолоор гаргасан юм байна. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед Засгийн газар дээрх төрлийн татварыг 1 хувиар тооцдог байсан аж. Мөн Монголбакнаас үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгосон зээлийн хүү 3.8 хувь байсныг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 16-18 хувь болгожээ. Ийн зээлийн хүүг нэг далайлтаар 10 орчим хувиар өсгөсөн шалтгааныг улсын төсөвт төвлөрүүлэх шатахууны гааль, онцгой албан татвараас төвлөрүүлэх орлогын хэмжээг зааж УИХ-аас баталсантай холбоотой аж.

Үүнтэй холбоотойгоор алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тонн тутамд А-80 автобензинд 252.000 төгрөг, АИ-92 автобензинд 259.000 төгрөг, дизель түлшинд 265.000 төгрөгийн татвар тус тус ногдуулсан байна.

Р.Жигжид: Шатахууны үнийг буулгасан

Уул уурхайн сайд Р.Жигжид: Уул уурхайн яам Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл олгон зарим татваруудаас чөлөөлж, ханшийн эрсдэлийг бууруулах зэрэг арга хэмжээ авч, үнийг тогтворжуулан, шатахууны нөөцийг 3.6 дахин нэмэгдүүлж 100 гаруй мянган тоннд хүргэсэн. Шатахуун импортлох эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд БНХАУ-ын “Чайна Ойл” компанитай гэрээ байгуулан 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн сард 4-10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн худалдан авахын зэрэгцээ Япон, Солонгос, Сингапур, Белорусь, Латви зэрэг улсаас БНХАУ-ын нутгаар дамжуулан шатахуун импортолдог боллоо. Мөн 2013 оны тавдугаар сараас эхлэн ОХУ-ын “Роснефть”, БНХАУ-ын “Чайна Ойл” компаниудтай шатахууны худалдаа хийхдээ түүхий газрын тосны дэлхийн зах зээлтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр төлбөр тооцоог хийдэг болсон.

“Өрсөлдөөний тухай хууль”-иар аж ахуйн нэгжийн борлуулж буй бүтээгдэхүүний үнэ тогтоох үйл ажиллагаанд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Гэсэн хэдий ч. 2015 оны арванхоёрдугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг Баруун бүсэд 80-400 төгрөгөөр, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулснаар баруун болон зүүн хязгаар нутгийн үнэ төвийн бүсийн үнийн төвшинд ирээд байна. Цаашид алслагдсан сумдын шатахууны жижиглэн худалдааны үнэ харьцангуй өндөр хэвээр байгаад судалгаа хийж үнийг төвийн бүсийн үнийн төвшинд хүргэх бодлогын шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн /2016.01.22-ны/ байдлаар Улаанбаатар хотын зарим ШТС-иудаар автобензин төрөл тутамдаа 100 төгрөгөөр бууруулан худалдаж эхлээд байна.

С.Бямбацогт: Шатахуун 250 төгрөгөөр буурах бололцоотой

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 5-6 дахин хямдраад байна. 2013 онд баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монгол Улсад шатахуун 1650 төгрөг байсан. Өнөөдөр 28 ам.доллар болчихоод байхад шатахууны үнэ буурахгүй хэвээрээ байна. Цаашдаа бензин шатахууны үнэ өсөхгүй, доод хязгаартаа 2-3 жил байна гэж судлаачид үзэж байгаа. Тийм ч учраас дэлхийн олон оронд шатахууны үнийг хямдруулж байна. Монгол Улс ч оновчтой зохицуулалт хийж 2020 он хүртэл шатахууны үнийг бууруулж тогтвортой байлгах боломжтой. Хамгийн багадаа 250, цаашлаад 400 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн байна. Шатахууны үнийг буулгаснаар ард иргэдийн эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлд хэмнэлт гарна, бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийн зардал багасч ашиг нэмэгдэнэ. Нүүрсний салбарт л гэхэд олборлолтын зардлын 50 хувийг шатахуун эзэлж байна. Тэгэхээр шатахууны үнийг бууруулах замаар ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж эдийн засгийг идэвхжүүлэх боломж байна.

Г.ОЮУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна