Даашинзны хормойд зүүгдсэн улс төр

2016 оны 1 сарын 23

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд УИХ дахь МАН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барих боломж олгосныг Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Даашинзны хормойд зүүгдсэн МАН-ын улс төр” хэмээн тодорхойлоод байна.

Огцруулах төслийг УИХ-ын гишүүн Г.Уянга санаачилсан. Ардын намын сайдууд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч, төрхөмдөө буцаж байсан 2015 оны наймдугаар сард тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах төсөл мэдүүлэхээ мэдэгдэж байсан удаатай. Ингэхдээ Дубайд байгуулсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө нь Монголд ирэх ашгийг олон жилээр алсруулсан тул хариуцлага үүрэх ёстой гэж үзсэн юм.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын байр сууриар бол МАН-ын гишүүд огцруулах төсөлд гарах зурахдаа арай өөр шалтгаан хайжээ. Тодруулбал, Засгийн газрын нэр бүхий сайдууд бонд гаргахаар болж, гадаадад ажиллан ажил нь нэлээд урагштай болсон үеэр огцруулах төсөл эрчээ авсан байна. Энэ нь Ардын намынхны бонд босгохын эсрэг хийсэн улс төр хэмээн эрх баригч хүчнийхэн үзжээ.

Бонд гаргах ажил урагштай байсан ч Ерөнхий сайдыг огцруулах төсөл УИХ-д орж ирснээр хөрөнгө оруулагчдын хувьд эргэлзээнд орж, асуудал үүсгэж мэдэшгүй болсон юмдаг уу даа.

Энэ мэтээс үзвэл МАН-ын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулах төслийг дэмжсэн шалтгаан Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн Эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болгох шаардлагаар хязгаарлагдахгүй бололтой.

Г.ОЮУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна