Хилийн чанад дахь иргэдийг бүртгэлжүүлнэ

2016 оны 1 сарын 23

Монгол Улс, хилийн чанад дахь иргэдээ албан ёсоор бүртгэлжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд гадаад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх юм байна. Учир нь 1990 оноос өмнө гадаадад ажиллаж буй иргэд бүртгэлээ хийлгэх үүрэгтэй байжээ. Харин Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль гарснаар энэ нь сайн дурын шинжтэй болсон байна. Үүнээс хойш хилийн чанад дахь иргэдийн мэдээлэл тодорхойгүй болжээ. Гагцхүү тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд л ЭСЯ-ндаа бүртгүүлдэг болсон аж. Тухайлбал,

-Иргэн сайн дурын үндсэн дээр

-Хэрэг түвэгт орооцолдож ЭСЯ-наас тусламж хүссэн

-Тухайн ЭСЯ өөрөө иргэдийн бүртгэлийг хийсэн тохиолдолд л гадаад дахь монголчуудын бүртгэлийн мэдээлэл гардаг байна. Гэтэл Гадаад хэргийн яаманд хилийн чанадыг зориод ор сураггүй болсон тухай гомдол иргэдээс байнга ирдэг аж. Сүүлийн жилүүдэд ийм гомдол нэмэгдэх хандлагатай болжээ. Тиймээс бүртгэлийн нэгдсэн сан бий болгох шаардлага тулгарсан байна. Гэхдээ энэ ажлыг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх юм байна.

Энэ жил "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр", "Дэлхийн Монгол" хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлэхээр болсон. “Дэлхийн Монгол” хөтөлбөрийг хилийн чанад дахь иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг эдийн засгийн хамтын ажиллагаанд татан оруулах, хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдийн гадаад зах зээлд гарах боломжийг нэмэх, тэдний үр хүүхдэд монгол хэл, соёл, ёс уламжлалыг хэрхэн өвлүүлэх зэрэгт чиглүүлж байгаа юм. Тиймээс энэ бодлоготой уялдуулан хилийн чанад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлыг хийхээр болсон байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна