С.Зоригийн хэрэг дөрвөн жилийн дараа илэрнэ

2016 оны 1 сарын 24

Баянхонгор аймгийн бариач, зөн билигтэн Г.Эрдэнэсувдын талаар үлгэр, домог шиг ярианууд бий. Түүний хэлснээр алдсан, гүйсэн малаа олсон нутгийнхан нь аргагүй ачтан гэж ярина. Түүнийг хотод ирээд байхад нь ярилцлаа.

-Шашныг хорьж байснаас үүдэн 1990 оноос хойш мухраар асуудалд хандах нь элбэг боллоо. Яахын аргагүй мэргэ, түргэн нь бий байх. Гэхдээ голдуу зовсон, зүдэрсэн иргэдийн зовлонгоор нь далимдуулах үзэгдэл ч бишгүй байна. Танд энэ мэдрэмж хэзээнээс гарч ирсэн юм бэ?

-Ороо бусгаа цаг болоод ч тэр үү, бүх зүйлд хулхи, жинхэнэ гэсэн ойлголт бий болчихлоо. Миний хувьд Соёлын сургуулийн 1986 онд төгссөн. Тэр жилийн зургадугаар сарын 25-нд миний биед гал ороод ирчихэв үү гэлтэй болсон. Түүнээс хойш миний бие халуун энергиэр цэнэглэгдээд байдаг болсон. Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор мэдэхгүй, гайхаад л өнгөрсөн. Түүнээс хойш 2000 онд зуд болсон. Тэр үед гэрийнхээ цасыг аргилгаж байсан юм. Гар хөлдчих гээд гараа үрээд байж байлаа. Ингэж зогсч байгаад малтуур авах гэсэн хажууд цас хайлах шиг болсон. Тэгээд гараа цасанд тавихад л хэсэг газар мал шээчихсэн юм юм цас хайлсан. Энэ үед 1986 оны мэдрэмж эргээд санагдсан. Тухайн үед аавдаа хэлэхэд “Сайн ламын удам болохоор хүч чадал нь шингэсэн юм байлгүй. Бодож яваарай” гээд хэлснийг нь санасан. Түүнээс хойш зарим зүйлийг хардаг болсон. Био энергийн талаар нэг сонинд гарч байсан. Түүнийг уншаад надад ямар нэгэн энергийн хүч байна гэдгийг мэдсэн. Нэг удаа хөх нь хавдчихсан Билэгээ гээд эмэгтэй барьж өгсөн. Өглөө 10 цагт бариад өдрийн нэг гэхэд хаванг нь буулгачихсан. Түүний дараа хүний өвчинг авдаг хүч байна гэдгээ мэдсэн. Түүнээс хойш бариа хийдэг болсон. Дараа нь надаа ээжийн талын хүнээс нэгэн сахиус залагдаж ирсэн. Надаа хүнд тус хий гэдгийг ямар нэгэн байдлаар хэлдэг.

-Хаанаас?

-Ер нь л тийм мэдрэмж төрдөг. Гараа ингэж эвдэртэл нь бариа хийлээ. Би хүний өвчинг авдаг болохоор бүх өвчнөөр өвдөж үзсэн. Хүн барьж сууж байгаад л уруул хавдчих жишээний. Ийм болохоор би сахиусаа задалж үзээд бичсэн номыг нь уншиж судалсан. Нэг ёсондоо өөрийнхөө бодлын хүчээр харилцаж сурсан юм. Иймэрхүү байдлаар л илэрсэн дээ.

-Та аливаа болох үйл явдлыг мэргэлж мэддэг гэсэн. Таны мэргэ ер нь хэдэн хувиар биелдэг гэж та бодож байна. Энэ хугацаанд мэргэлүүлсэн хүмүүсийн чинь хэдэн хувь нь үнэн болж таарав?

-Монголд 30 гаруй мэргэ байна. Би анх мэргэ сурахдаа есөн зоосны мэргийг сурсан. Анх энэ зоос их зузаан байсан. Одоо ийм нимгэн болсон/бариулж үзүүлэв/. Мэргийн хувьд зууны наян хувь таардаг. Говь-Алтайн “ХААН” банкны нэг залуу барилга бариулж байгаад амиа алдахад нь газрын зураг зурж байгаад олсон. Над руу адуу, малаа алдсан хүмүүс утсаар их залгадаг. Мэргэлээд тэнд байна аа гээд хэлнэ. Очиход байж байх жишээтэй.

Сүүлийн үед сайхан сайхан залуучууд үр хүүхэд заяахгүй зовлон их байна. Бүх зүйл хоосон чанартай байдаг болохоор олон хүүхдийн заяаг дуудсан. Надад хандсан 30 гаруй залуус өнөөдөр өхөөрдөм бяцхан үрийнхээ зулайг үнэрлээд аз жаргалтай, сайхан амьдарч байна. Тиймээс л мэргэлэхдээ 80/100 хувьд нь алдахгүй гэж бардам хэлнэ.

-Мэргэлэх үед танд бодитоор харагддаг юм уу. Эсвэл яадаг юм бэ?

-Аньсгандаа л хардаг. Зөөлхөн анихад мэдээлэл өгдөг. Тэрийг л гялс уншиж, хэлдэг.

-Хүн зүүдлэхтэй адилхан мэдрэмж төрдөг үү?

-Мэдээлэл л өгөөд байдаг. Шууд харагдахгүй. Хэлээд байх шиг байдаг юм. Дээр үеийн лам нар “Ховч шар” гэдэг судар үздэг байсан. Би тэр судрыг уншаагүй хэрнээ мэддэг. Ийм л юм.

-Таны тусалж байсан хүмүүс ямар хүмүүс байв. Эмчилгээгүй болсон хүмүүсийг их эдгээсэн гэх юм билээ. Яг ямар ямар тохиолдол байгаа вэ?

-Арваад жилийн өмнө хүнд өвчтэй хүмүүсийг бариа заслаар эдгээсэн олон тохиолдол байгаа л даа. Яг нарийн санахгүй байна. Оношийг нь бол яг гаргасан тохиолдол олон бий. Сүүлийн үед би олсон мал, зөв оношлосон өвчнөө тэмдэглэж байгаа. Сэмбээ гээд ХААИС-ийн багш хөшин надад хандсан. “Ах нь зүүн зүг рүү яваад хагалгаанд орлоо” гээд үзүүлсэн. Тэр үед судасны хагалгаа хийлгэх гэж байсан. Би үзээд судсаа хагалуулахаас гадна таны нуруунд чинь гол учир нь байна. Оношоо нарийн гаргуулчих гээд зөвлөсөн. Тийшээ явах шаардлагагүй, бариа заслаар явахад болно гээд үнэхээр эдгэсэн.

-Ямар өвчтэй хүн байсан юм бэ?

-Хөлний судас нь хатчихсан, хөл хөдлөхөө больчихлоо гэсэн хүн байсан. Би болохоор нуруу нь дарагдчихсан учраас хөл рүүгээ цус нь эргэлдэхгүй байна. Тиймээс нуруунаас дооших судсыг жигдрүүлж өгөх юм бол зүгээр болно гээд бариулж байгаад хагалгаа хийлгэлгүйгээр зүгээр болсон.

-Та тэр хүнийг барьсан юм уу. Мэргэлсэн юм уу?

-Бариагүй. Мэдээллийг нь л уншсан. Чамд ойлгуулахын тулд би үзээд өгөх үү?

-Харин л элдэв дэмий юм сонсоод хямрах вий дээ?

-Ноднингийн намар тархи, толгой чинь өвдөж байжээ. 80 илүү насална. /Сур:Ажлын ачааллаас болоод толгой өвдөх тохиолдол гардаг л даа. Гэхдээ миний мэдээлэл уншигч танд сонин биш болохоор үүгээр дуусгая/. Таарч байна уу?

-Мэдэхгүй ээ. Харж л байя. Танд голдуу ямар хүмүүс ханддаг юм бэ?

-Ихэнхдээ бариа заслаар ханддаг. Сүүлийн үед мал, эд хөрөнгөө алдсан, үрийн заяа дуудуулах гэсэн хүмүүс их ханддаг болсон.

-Манай “томчууд” төрийн мөнгө туучихаад суварга босгодог болсон. Бас заслыг нь хийдэг бөө, лам нартай гэж их дуулддаг боллоо. Танд арыг нь даадаг тийм “суваргачин” байна уу?

-Ер нь дарга нар чинь их айхавтар зүйл хийх юм. Ажлаа сольж, сонгуульд оролцохдоо хувь заяагаа даатгуулна гээд ирж байсан зүйл бий л дээ. Гэхдээ хүн гэдэг чинь ухамсрын амьтан. Тийм байж баяжих гээд улайраад, олныг эмзэгнүүлсэн юм хийгээд байхыг нь хараад эмзэглэдэг. Гэхдээ үйлийн үр гэж бий. Юу хийнэ түүнийгээ хүртдэг жамтай юм хойно, гэсгээл ирэх л байх даа. Мөнх юм шиг л байх юм даа. Гэхдээ надаа араа даалгахаас илүүтэй том том обьект зараад өгөөч гэж хандаж байсан тохиолдол бий. Зөндөөг ч зарж өгсөн.

-Ажил хийж, өөрийн зүтгэлээр амьдрал, ахуйгаа дээшлүүлэхээс илүүтэй ламд ханддаг. Шалгалт өгөх гэж байгаа оюутан ном уншихаас илүүтэй Гандангаар эргэлдэж байх жишээтэй. Нийгмээрээ ийм хэмжээнд оччихлоо. Та энийг яаж хардаг вэ?

-Хүн өөрөө өөрийнхөө хөдөлмөр, хүчээр л асуудлыг шийднэ. Бодлын хүч гэж аугаа зүйл бий. Бодлоо “би чадна”, “би хийнэ” гээд чангалчихсан байхад чадахгүй зүйл байхгүй. Сүсэг бишрэлийн хувьд хамаагүй туйлшрах нь утгагүй зүйл. Мэддэг, чаддагийнхаа нэр хүндийг унагасан хууран мэхлэгчид ч олон байна.

-Бичин жилийн зуд гээд шуугиад байна. Бич жил ер нь ямаршуухан өнгөтэй байна аа?

-Ер нь гайгүй шүү. Есдүгээр сар хүртэл тэнэгэр сайхан байх нь. Тэрнээс хойш цас, зудны асуудал хавар хүртэл үргэлжилнэ. Гэхдээ гайгүй л дээ. Гурав, дөрөвдүгээр сард хангай газраас жаахан зудтай харагдаж байна. Сонгуультай жил ер нь гантай байдаг юм. Харин энэ жил гайгүй байна өө.

-Сүүлийн үед Вангагийн зөгнөсөнчлөн Исламын улсуудаас болоод Европ үгүй болно гэсэн нь биелж байна гэх зэргээр шуугих боллоо. Танд юу мэдэгдэж байна?

-Тодорхой асуудлыг цаг цагаар нь хөөвөл би гаргаж чадна. Гэхдээ үүнд хугацаа хэрэгтэй.

-Тэгвэл илүү тодорхой асуулт асууя. С.Зориг агсны аллагын талаар олон нийт сонирхож байна. С.Зоригийн хэрэг илрэх болов уу?

-Ерөнхийдөө улсын толгой хэсэгт тодорхой байдаг болов уу.

-Толгой гэдэг нь?

-Улстөрчдөд. Би яг үнэн хэзээ ил болох вэ гэдгийг харж өгье, за юу.

-За, бичээд авъя?

-Ямар ч байсан энэ сонгуулиас хойш илэрнэ. Яг үнэн нь дөрвөн жилийн дараа хаврын сард С.Зориг агсныг хөнөөсөн хүн ил болно.

-Сая хоёр хүнийг барьсан гэсэн шүү дээ. Тэд нар худлаа болж таарав уу?

-Тэр хоёрыг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ бодлогын чанартай болов уу гэж бодогдож байна.

-Үрийн заяа дуудуулах гээд их ханддаг гэлээ. Энэ утаа, хөрсний бохирдлоос болж байна уу?

-Цаг агаараас л болоод байх шиг байна. Эхийн хэвлийдээ ургаж чадахгүй, амьгүй болчихлоо гэж их ханддаг.

-Хаад, хатадын хойд дүрийг Төв цэнгэлдэх хүрээлэнд тодруулна гээд “Мөнх тэнгэрийн зараалаар” яваа нэг айхавтар хүн гарч ирэв ээ!

-Лекторынхоо хувьд л тэгэж ярьдаг юм уу даа. Төр, засгийн удирдлагууд нь олхиогүй, увайгүй байхаар Монгол газар, орноо аврах гэсэн хүмүүсийн сонирхол дээр ийм юм хийдэг юм болов уу гэж бодсон, Чингисийн хааны нэрийг бариад.  

-Боловсролын төвшин доогуур болохоор түүнийг нь далимдуулаад мөнгө олох гээд байна уу даа?

-Тийм зүйл байна. Ерөөсөө хулхи, ориг гэж юм байна. Түүнээс авахаа аваад, хаяахаа хаях хэрэгтэй. Монголчууд ер нь хөөрхийлөлтэй болж байна даа. Үзэл бодлоороо ч, газар нутгаараа ч ашиглуулж байна.

Л.ХАЛИУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна