Тэргүүлэгчдийн өрсөлдөөн бямбын оргил тоглолт байлаа

2016 оны 1 сарын 24

“ПЭПСИ ЛИГ”-ийн бямба гарагийн сүүлийн тоглолт хүснэгтийг тэргүүлэгч “Улаанбаатарын Унаганууд” болон Эрдэнэт хотын “Хангарьд” багуудын хооронд явагдсан. Энэ тоглолтоос эерэг дүнг авж чадсан нь манлайллаа батжуулах байсан юм.

Тоглолтын эхэнд “Унаганууд” хоёр ч гоолыг оруулаад амжсан. Залуу тамирчин Э.Пүрэвдорж 5 минутын хугацаанд өөрт олдсон боломжуудаа ийнхүү ашиглаж чадлаа. Үүнээс удалгүй О.Баяржаргал өөрийн хаалганд авто гоол оруулсанаар тооны харьцаа ойртож тоглолт ч сонирхолтой болж ирсэн. Хоёр баг харилцан маш хурдтай довтолгоог гүйцэтгэж байсан бөгөөд хаалгач нар мөн магтахгүй байхын аргагүй шуугиулсан хаалтуудыг хийж чадлаа. Гэхдээ эхний хагасын үр дүн 4-1.

Хоёрдугаар хагаст тоглолтын үр дүн төдийлөн өөрчлөгдсөнгүй. Солгой хөлийн хүчтэй цохилтоороо Ази тивийн шилдэг багуудыг сандаргаж байсан Н.Цэдэнбал өөрийн дархан цохилтоо харуулж хурсан олонд гурван гоолоор бэлэг барьлаа. Пүрэвдорж, Цэдэнбал нар ийнхүү нэг тоглолтонд хоёул хеттрик хийж байна. Мэдээж тэдний шилдгүүд болох Түмэнжаргал, Баяржаргал нар тус бүр нэг гоол орууллаа.

Ингэснээр “Улаанбаатарын Унаганууд” одоогоор 9 оноотой ганцаар лигийг тэргүүлж байгаа бол 6 оноотой 4 баг байна. Мэдээж “Арвис” болон “Сэлэнгэпресс” клүбүүд өнөөдөр өөрсдийн тоглолтоо хийж эцсийн байдлаар хүснэгтийн байдал тодорхой болох болно.  

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна