Бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийн тухай бичжээ

2016 оны 1 сарын 24

ОХУ-ын Якут улсын “Sportyakutia.ru” сайтад Болгар, Молдав, Монгол, Якутын бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийн тухай бичсэнийг толилуулж байна.

Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан: Дэлхийн аваргуудтай хамтарсан бэлтгэл хийж байгаа нь манай залуу бөхчүүдэд нэр төрийн хэрэг болж байна

“Триумф” спортын ордонд хийсэн шинэ жилийн баярын дараа Европийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах И.Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний бэлтгэлдээ якутын бөхчүүд гараад байна. Якутын талын урилгаар болгарын бөх, ДАШТ-ний алт, хошой мөнгө, олимпийн наадмын хүрэл медальт Радослав Великов, молдавын бөх, Европийн анхдугаар наадмын хүрэл медальт Александр Чиртаока, Монголын залуучуудын шигшээ багийн зарим бөхчүүд хүрэлцэн ирж хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байна.

Монголоос залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхан 4 бөх дагуулан ирсэн. Саяхан Улаанбаатар хотод насанд хүрэгчдийн УАШТ болж шигшээ багийн тэргүүлэх бөхчүүдэд тодорхой шалтгаанаар наашаа ирэх боломж гарсангүй ажээ. Гэхдээ Чингис хааны удмынхан нөөц бүрэлдхүүнээ ирүүлсэн байна. Тэдний дотор Серби улсад 2013 онд болсон өсвөрийн ДАШТ-ний болон 2014 оны азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, өсөх ирүүдэйтэй гэж бөхийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөөд байгаа З.Занабазар, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт Дамдингийн Балжинням, тэрчлэн УАШТ-ний залуу бөх Бат-Эрдэнийн Мөнхбат, Болат Ерханат нар байна.
Дасгалжуулагч Ц.Баярсайхан сэтгэгдлээ ярихдаа “Якутск улс хөнгөн жинд олон шилдэг бөхчүүдтэй, тийм учраас бид хамтарсан бэлтгэл хийж харилцан туршлага солилцохоор ирээд байна. Дэлхийн аварга Виктор Лебедев, Радослав Великов нартай хамтарсан бэлтгэл хийж байгаа нь манай залуу бөхчүүдэд нэр төрийн хэрэг, сайхан боломж болж байна. Рио-де-Жанейро хотод Зуны олимпийн наадмын бэлтгэлийн хүрээнд манай бөхчүүд олон улсын олон тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Манай үндэсний шигшээ багийн бараг хориод бөх И.Ярыгиний тэмцээнд зодоглоно. Бусад нь Франц, Иран, АНУ руу явна. Манай залуучуудын шигшээ бүрэн бүрэлдэхүүнээрээ Якутс улсад болох Р.Дмитриевийн дурсгал зориулсан уламжлалт олон улсын тэмцээнд оролцоно. Энэ нь дөрөвдүгээр сард Филиппин улсад болох Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний том бэлтгэл болно гэж би үзэж байна.” гэлээ.

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна