“Юнивишн”-ий зөв үү, хэрэглэгчдийн зөв үү?

2016 оны 1 сарын 25

Баянгол дүүргийн иргэн С гэртээ интернэт тавиулахаар судалсны үндсэн дээр сарын өмнө “Юнивишн”-ий 29 900 төгрөгийн өрхийн багцыг сонгожээ. Ингээд тэрбээр нэг мб хурдтайгаар интернэтийг хязгааргүй хэрэглэдэг байхаар гэрээ хийсэн байна. Гэтэл энэ үйлчилгээг аваад сар болсны дараа интернэтэд нь хязгаарлалт тавихаар болсон тухай оператор компаниас нь мэдэгджээ.

“Юнивишн” компанийн хувьд Монголд анх удаа айпи тв, интернэт, суурин утас гэх гурвалсан үйлчилгээг нэвтрүүлснээрээ анхдагч хэмээн тунхагласнаар чамгүй хэрэглэгчтэй болж амжсан билээ. Тэгвэл тус компанийн хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх шийдвэр багагүй маргаан дагуулаад байна. “Юнивишн” компани ирэх сарын эхний өдрөөс эхлэн интернэтийн хурдаа нэмж, оронд нь хэрэглээгээ хумьж байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал:

  • 29 900 төгрөгийн багцын интернэтийн хурд нэг мб, хэрэглээ хязгааргүй байсан. Тэгвэл гурван мб хурдаар 100 гб интернэт ашиглах
  • 39 900 төгрөг-200 гб интернэт
  • 54 900 төгрөг – 300 гб интернэт
  • 89 900 төгрөг – 500 гб интернэт ашиглах эрхтэй болгож хэрэглээг хязгаарлажээ.

Иргэдийн зүгээс “Анх хязгааргүй интернэт хэрэглээтэй учраас гэрээ байгуулсан. Гэтэл гэрээ байгуулсны дараа өөрчлөлт хийж буй нь гэрээгээ зөрчсөн хэрэг” хэмээн тайлбарлаж байна. Харин үүний хариуд “Юнивишн” компаниас “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний 8.2 дугаарт үйлчилгээний үнэ тарифт нэмэлт өөрчлөлт оруулах бол боломжит мэдээллийн хэрэгслийн аль нэгийг ашиглан 10 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Ингэж мэдэгдсэнээс хойш нэмэлт өөрчлөлт хийсэнд тооцно гэж заасны дагуу ажиллаж байна” гэсэн хариулт хэлж байгаа юм.

Гэвч гэрээ байгуулсны дараа интернэт хэрэглээндээ өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл учраас Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ тус байгууллагад хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн иргэд гомдоллож байна.

Гэвч Харилцаа холбооны зохицуулах хорооноос арай өөр тайлбар хэлэв. Зөвхөн “Юнивишн” ч биш “Скаймэдиа” зэрэг бусад кабелийн телевизийн үнэ тарифын асуудалд ХХЗХ-оос шууд нөлөөлөх эрх байдаггүй гэнэ. Өрсөлдөөний тухай болон Харилцаа холбооны тухай хуулиар телевизийн олон сувгийн үйлчилгээнд давамгай болон зүй ёсны монополь компанийн үнэ тарифт л хяналт тавьдаг гэв.

Иргэдийн зүгээс “Юнивишн” компани монополь эрхээ ашиглан ийм үйлдэл хийж байна гэж мэдээлж байгаа. Гэтэл энэ зах зээлд “Юнивишн” компани давамгай болон монополь аль аль нь ч биш учраас зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явдаг юм байна. ХХЗХ-ны Зах зээл, үнэ тарифын албаны дарга А.Лувсан-Очирын хэлэхдээ “Тухайн компани хөрөнгө оруулалтаасаа шалтгаалж үнэ тарифаа тогтоох учиртай. Тухайлбал, техникийн тоног төхөөрөмж, интернэтийн урсгалыг олон улсаас авахад зарцуулж буй хөрөнгө оруулалтаасаа шалтгаалаад үнээ тогтоодог. ХХЗХ-ны зүгээс тухайн үнэ тогтоох аргачлалыг л гаргаж өгдөг” гэв.

Энэ асуудлаар тус байгууллагад иргэдээс гомдол одоогоор ирээгүй юм байна. Харин Засгийн газрын 11-11 төвд хоёр гомдол ирснийг ШӨХТГ-т уламжилжээ. Тэгвэл иргэд асуудлыг нь шийдвэрлэж өгнө хэмээн найдаж буй дараагийн байгууллага бол ШӨХТГ юм. Гэвч ШӨХТГ-аас “Бидэнд энэ талын гомдол тогтмол ирдэг. Өдөр тутам шалгалтын ажиллагаа явуулдаг. Энэ хүрээндээ шалгалтаа хийж байгаа” гэхээс өөр тоймтой хариулт өгсөнгүй.

“Юнивишн” компанийн энэ асуудал сүүлийн үед олон нийтийн сүлжээнд ч яригдах болов. Нэг хэсэг нь Монгол Улс дэлхийн дундажтай харьцуулахад интернэтийг бага үнээр хэрэглэдэг гэх хэсэг бий. Харин нөгөө хэсэг нь интернэтийг өндөр үнээр хэрэглэдэг гэх улсуудын хувьд цалин, хэрэглээний түвшин өндөр байдаг. Монгол Улсын хувьд аль аль нь дорой байгаа энэ үед дэлхийн дунджыг ярих шаардлагагүй гэх хэсэг ч байна. Тэгвэл Монгол Улсад 1994 онд интернэтийн үйлчилгээг нэвтрүүлсэн “Датаком” компанийн захирал Д.Энхбат өөрийн твиттер хуудаснаа “Юнивишн” компанийн өөрчлөлтийн талаар жиргэжээ.

“Өөрийн контентыг хязгааргүй, /видео сан/, бусдынхыг хязгаартай /интернэт/ болгох кабелын дэд бүтэц эзэмшигчийн бусдыг хаах алхам гэдэг”, “Тийм учраас олон оронд дэд бүтэц эзэмшигчийг хэрэглэгчидтэйгээ өрсөлдсөн үйлчилгээ эрхлэхийг хорьдог. Дэд бүтэц хаалттай болох их хортой”, “Асуудал GB-ийн их багадаа биш. Бусад контент үйлдвэрлэгчид хязгаар тавих нь интернэтийн суурь зарчмын эсрэг үйлдэл. Тиймд дэмжигддэггүй”, “Яг энэ шалтгаанаар харилцаа холбооны дэлхийн том компаниудын шилэн кабелийн сүлжээгээ хаах гэсэн олон алхмыг зогсоож торгосон байдаг” хэмээн жиргэсэн байна.

Тэгвэл нэгэнт иргэд “Юнивишн” компанитай гэрээ байгуулчихсан. Гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсны дараа өөрчлөлт хийж байна. Энэ тохиолдолд иргэд гэрээгээ цуцлаж, оператор компаниасаа татгалзахаас өөр сонголт бий юу?

ХХЗХ-ны Зах зээл, үнэ тарифын албаны дарга А.Лувсан-Очир “Тухайн гэрээг аж ахуйн нэгж, иргэн хоёр хоорондоо хийсэн. Тиймээс нэн тэргүүнд хэрэглэгч оператор компанидаа хандах хэрэгтэй. Хэрвээ тухайн компани асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй байна гэж үзвэл Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, мөн шүүхийн байгууллагад хандах эрхтэй. Гол нь тухайн гэрээн дээр маргаан үүсвэл ямар журмаар шийдвэрлэх вэ гэдгийг нь судлах хэрэгтэй” гэв.

Б.ЗОЛЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна