Хямд авсан ч үнэтэй зарна

2016 оны 1 сарын 25

Сүүлийн хэдэн жилд сонсогдоогүй “Шатахууны үнэ буурлаа” гэх сонсголонт мэдээг өнгөрсөн долоо хоногт нийслэлийнхэн сонслоо. Улаанбаатар хотод шатахуун литр тутамдаа 80-100 төгрөгөөр буурчээ. Импортлогчдоос хамгийн түрүүн М Oil шатахуун түгээх станцууд шатахууны үнээ 150 төгрөгөөр бууруулснаас хоёр хоногийн дараа бусад импортлогчид дуртай дургүй 80-100 төгрөгийн SALE зарлаж, хэрэглэгчдээ гийгүүлэв. Одоогоос сар гаруйн өмнө буюу шинэ жилээс өмнө зүүн болон баруун бүсийн алслагдсан аймаг орон нутагт шатахуун 150-400 төгрөгөөр хямдарсан гэж салбарын яамныхан мэдээлсэн. Зүүн, баруун аймгуудын хувьд шатахуунаа хойд, урд хөршөөс шууд авчихдагаас ийн буурсан нь мэдээж. Гэвч цаг хугацааны хувьд арай эрт, одоогийн үнээс бүр хямд үнээр шатахуунаа худалдан борлуулах боломж импортлогчдод байсан гэдгийг гадаад эх сурвалжийн мэдээллүүд батлаад байгаа юм.

Энэ жил дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хоёр жилийн өмнөхөөс гурав дахин хямдарчээ. Нэг баррель нефтийн үнэ 28 ам.доллар хүрч буурсан хэдий ч Монголын шатахуун импортлогчид үнээ бууруулахгүй луу унжиж ирсэн нь ямар учиртай вэ. Монголд бараа бүтээгдэхүүний үнэ нэг өссөн л бол гадаад зах зээлээ дагаж буурдаггүйн жишээнд шатахууны үнэ орж байна. Эрэлт, нийлүүлэлт энтэр бол үнэ өсөх үед л хэрэглэдэг үг бололтой. Газрын тос үнэ өсөх сургаар огцом өсдөг хэрнээ гадаадад навс хямдарсан шатахуун Монголд үнэтэй хэвээр байгаагийн шалтгааныг салбарын сайд тайлбарлахдаа “Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг 100 хувь импортын шатахуунаар хангадагийн зэрэгцээ судалгаагаар дэлхийн зах зээлд газрын тосны үнэ аажимдаа өсөх дүр зураг гарч буй” гэжээ. Ирээдүйн прогнозоор үнээ бууруулахгүй барина гэдэг дэндүү шударга бус хэрэг билээ.

Харин үнэнд ойртсон шалтгаан гэвэл шатахуунд ногдуулдаг гаалийн татвар нэг хувь байсныг таван хувь болгон нэмэгдүүлсэн, Монголбанкаас үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгосон зээлийн хүү 3.8 хувь байсныг 16-18 хувь болгосон зэргийг дурдаж болох юм. Гэвч гурав дахин буурсан шатахууны үнийг 30 хувиар бууруулан 1000-1200 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх боломжтойг судлаачид хэлж байна. Тэгээд ч Роснефть гэх цор ганц нийлүүлэгчтэй байсан цаг хэдийнэ ард хоцорч, БНХАУ-ын “Чайна Ойл” компани, Япон, Солонгос, Сингапур, Белорусь, Латви зэрэг улсаас БНХАУ-ын нутгаар дамжуулан шатахуун импортолдог болсон шүү дээ.

Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэгчлэн “Шатахуун үнэд орлоо” гэж сонссоор байгаад анх удаа хямдарлаа гэж сонссон хэрэглэгчид баярлаж байна гэж жигтэй. Импортлогчид ч сар шинийн баярт зориулсан сайхан бэлэг хэмээн PR-даад сүйд. Гэтэл гол импортлогч ОХУ-д шатахууны үнэ АИ-92 автобензин л гэхэд литр тутам нь 800 төгрөгийн ханштай байгааг Хиагтаар гарсан болгон ам уралдан ярьж байна. Шатахуун бол бусад салбарын бараа бүтээгдэхүүнд суурь үнэ болон хөрвөж байдаг онцлогтой. Шатахуун өссөн учраас буудайн үнэ өснө, буудайг дагаад гурил, талх, нарийн боов, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх зарчмаар сүүлийн жилүүдийг үдсэн. Тэгвэл шатахууны үнийн бууралтаас үүдэн бусад бүтээгдэхүүн хямдрах уу. Үүнд тийм гэсэн хариулт бараг л хүлээлтгүй. Шатахуун дагаж хамгийн түрүүн хямдрах үйлчилгээ бол такси болон нийтийн тээврийн үйлчилгээ. Гэтэл өнөөдөр таксинийхан урьдын адил км тутамд 800 төгрөгөөр тоцоо хийж, автобусууд 500 төгрөгөөр үйлчилсэн хэвээр байна. Зах зээлийн алтан дүрэм гэх эрэлт нийлүүлэлт, түүхий эдийн ханшаас үл хамаарсан үнийн өсөлт Монгол Улсад үйлчлэх нь гачлантай. Манай улсад “Хямд авсан ч үнэтэй зарна” гэсэн гаж тогтолцоо бий болсоор удаж байна.

Салбарын сайдын тайлбарласнаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хил гаалиар оруулж ирсэн шатахуун яг одоо жижиглэнгээр борлуулагдаж буй юм байна. Тэр үед газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 45-50 ам.долларт хэлбэлзэж байж. Тиймээс 100-150 төгрөгөөр бууруулж байгаа нь буруу биш гэв. Харин яг одоогийн баррель нефтийн үнэ 28 ам.долларт хүрч буурсны үр шимийг монголчууд хавраас л хүртэх гэнэ. Ашгүй хаврын тариалалтын үеэр шатахуун навс хямдарч, тариаланчдын төдийгүй эцсийн хэрэглэгч бидний магнайг ирэх намар хямд буудай, хүнсний ногоогоор тэнийлгэх нь гэж ойлгож болох нь. Нөгөөтэйгүүр манай улс нефтийн бүтээгдэхүүний төлбөр тооцоог тухайн улсын мөнгөн тэмдэгтээр хийдэг болбол манайд илүү ашигтай тусах нь гарцаагүй. ОХУ-аас авч буй шатахууныг л гэхэд ам.доллараар бус рублиэр хийж гэмээнэ ханшийн зөрүүнээс алдагдал хүлээхгүй гэдгийг имппортлогчид ч үгүйсгэсэнгүй.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна