“МоАХ-ыг нам болгох гэж байна”

2016 оны 1 сарын 25

Өнгөрсөн долоо хоногт болох байсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ҮЗХ-ны хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. АН-ын ҮЗХ-ны гишүүд Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлаас болоод хуралдаа ороогүй гэх мэдээлэл байна. Тэгвэл Ардчилсан намаас МоАХ-ныхон салж, нам байгуулах тухай ч яриад эхэлжээ. Энэ талаар МоАХ-ын анхны гишүүдийн нэг, Ардчилсан намынхан “Дүрмийн” гэж тодотгодог Д.Бямбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МоАХ-ны гишүүд 25 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглээгүйд бухимдалтай байгаа харагдсан. Ардчилсан хувьсгалаас хойш АН, МоАХ-г ардчиллын билэг тэмдэг гэж хүмүүс үздэг. Энэ холбоонд яг юу болоод байна вэ?

-Ардчилсан хувьсгалаас хойш Монголын 25 жилийн түүхэнд гарсан хамгийн том брэнд нэр бол МоАХ. Энэ холбооноос салбарлаж гарсан, шинэ холбоод олон бий. Юу болоод байгааг ярихын тулд хоёулаа яриагаа 1990 он руу аваачъя. МоАХ гэдэг байгууллага 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн цуглаанаар эмхлэгдэж, түүнээс хойш эрч хүчээ авсан. Тухайн үед нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг ил зарлана гэдэг эр зориг байсан. Нарийн ухаан байсан. Нийгмийг хөдөлгөөнд оруулна гэдэг бол эр зориг байсан. Нийгмийн аюулаас хамгаалах яамны төлөөлөгч өөрийг чинь тагнаж, яаж буруугаар эргэж магадгүй тийм үед сонголт хийнэ гэдэг бол түүхэн гавъяа. Энэ суурийг тавьсан анхдагчдыг бүдгэрүүлнэ гэдэг асуудал бол ерөөсөө байж болохгүй. Нийгмийн хөдөлгөөнийг манлайлан хийгээд араас нь оюутны холбоод байгуулагдаад, цаашаа Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гээд нийгмийн олон хөдөлгөөнүүд эмх цэгцэд орсон. Түүхийн бодит үнэнийг харах юм бол сэхээтэнлэг давхарга, багш нар нөхцөл байдлыг хүлээцтэй хараад, баривчилгаа явах нь уу, хэлмэгдүүлэлт эхлэх нь үү, эвгүй байдал үүсэх юм биз дээ гэж харж байгаад нийгмийн давхарга түрээд, хүчирхийлэл засаг, төрөөс гаргахгүй юм байна, энэ давалгаа цашаа өсөн нэмэгдэх юм байна гэдгийг анзаарангуутаа их сургуулийн хичээлийн танхимд сууж байгаад Ардчилсан социалист хөдөлгөөнүүдийг байгуулах жишээтэй. Эдийн засагчид цуглаж байгаад нэг орноос хараат эдийн засаг болохгүй байгаа нь үнэн, зөв дуугарч байна гээд Шинэ дэвшилт холбоог үүсгэх жишээтэй. Энэ холбоод үүссэн нь зохиомол зүйл байгаагүй. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас тодорхой бүлгүүд өөр өөрсдийн зорилго, нэртэйгээр үүссэн. Үүнээс хойш юу болов гэхээр олон намын үзэл байх ёстой гэдэг утгаараа нам болж хуваагдсан. Энэ холбоонуудын суурин дээр Монголын Ардчилсан нам, Социал демократ нам, Үндэсний дэвшлийн нам, Ногоонтны нам гээд олон нам үүссэн. Өнөөдөр 22 намтай болсон байна. 26 жилийн хугацаанд нэгдэх, нийлэх, салах байдлаар явсаар ирлээ. МоАХ гэдэг том брэнд гэдгийг юу гэж тодотгох гээд байна вэ гэхээр энэ холбоо үндсэндээ бүх хөдөлгөөн, намуудыг үүсгэн байгуулсан эцэг байгууллага нь юм. Тиймээс МоАХ өнөөдөр Ардчилсан намын доторх фракцын толгойд зангидагдаж явдаг жижиг холбоо биш.

-МоАХ фракц л гэдэг болсон. Ер нь энэ олон фракцид хуваавал ҮЗХ-ны гишүүд хэрхэн хувилагдах бол?

-Сурсан зангаараа ҮЗХ хуралдахын өмнө хуваагаад тооллоо. МҮДН-д хэдэн хүн байна, “Алтангадас”-ыг хэдэн хүн дагаад байгаа юм. “Шонхор” нь хэдүүлээ юм. Дээр нь жижиг фракцууд гээд уншигдаж байна. Гэтэл МоАХ гэхэд гурав хуваагдчихсан. Том МоАХ гээд Женког дагаж байгаа хэдэн хүн байх жишээтэй. Түвдэндорж гэхэд өөрийн үзэл бодол ойрхон найзуудаа цуглуулчихсан, ҮЗХ-ны зургаагаас долоон гишүүнийг багцалчихсан “Жижиг МоАХ” гээд байж байх жишээтэй. Энэ хоёрт сэтгэл нийлээгүй бас л нэг тав, зургаан байх жишээний. Ингээд харахаар МоАХ маань нам дотор фракцын жижиг нэр болчихоод байна. Ингэж ардчилсан холбоог булшилж болохгүй. Ардчилсан холбоог үүсгэн байгуулж байх үед дөнгөж хорьтой байсан залуучууд өнөөдөр 46-тай, 30-тай байсан нь ид насандаа явна. Тэтгэвэрт гарчих нас бол арай биш. Эрч хүчтэй дунд нас. Гэтэл бид 25 жилийн ойгоо өргөн тэмдэглээд, магадгүй эдийн засгийн шинэ хувьсгал руу орсон энэ үед дахин дуу хоолой болж, нийгмийн ардчиллыг гүнзгийрүүлэх, иргэний нийгмийн сонголтууд болсон засаглалын хуваарилалтыг өөрчлөхөд үнэт зүйлс юу байх вэ, зах зээл өндөр хөгжсөн орнууд юугаа алдаж, юуг олж вэ, хууль эрх зүйн тогтолцоо маань хаашаа явна гээд маш олон чиглэлээр зөвлөгөө өгөх, удирдан чиглүүлэх том масс МоАХ-ны цаана бий. Цаана байгаад байна гэдэг нь ардчилсан хувьсгалыг тэд анхнаасаа хийчихээд өөрсдөө ил гарч, “би дарга болъё” гэдэг амбицтай улсууд байгаагүй юм. Тэр үедээ л доктор, интитуцийн захирлаас аваад нөлөө бүхий хүмүүс байсан хэрнээ өөрсдийнх нь хүмүүжил нь “Би” гэх философи байгаагүй болохоор сандал, суудлын төлөө зүтгээгүй.

-Жинхэнэ оюун санааны удирдагчид нь ард хоцорсон гэж та хэлэх гээд байна уу?

-Оюунлаг, маш чадвартай хэдэн мянгаар тоологдох хүн энэ засаглалыг хөндлөнгөөс ажиглаад, тэвчээртэй харж байгаа юм. Энэ нь алдаад, тэр нь хожиж байна гээд. Гэтэл сүүлийн үед юу болж байна гэхээр бүлэг, фракц нь гэр бүлсэг байдал руугаа хазайгаад хэн нэгэн улстөрч эрх мэдэлд гараад ирэхээрээ хамгийн ойрхон хүрээллээ гээд өөрийнхөө гутлыг тослож, цүнхийг нь барьж явсан хүүхдүүдийг чухалчлаад оюунлаг давхарга руугаа нулимаад эхэллээ. Тэгэхээр төрийн институцийн дархлаа, оюунлаг байдал, уламжлал чанар, үнэт зүйл бүгд байхгүй болж байна. Нэг дарга солигдлоо. Өмнө нь компьютерийнхээ хардыг цэвэрлээд явлаа. Дараагийнх нь солигдлоо, дахиад цэвэрлэлээ. Энэ арван хэдэн жилийн дотор яамд л гэхэд ямар ч уламжлал, ой санамжгүй болчихлоо. Осолтгүй баталсан хуулиа дэлгээд “А”-гаасаа эхлээд үздэг болсон. Нэг хуулийг гэхэд л боловсруулах гэж дөрвөн жил суусан залуу сонгууль болоод солигдоод дахиад шинэ хүн ирээд дахиад шинээр эхлэж байх жишээтэй. Тиймээс манай эрх зүй ч боловсронгуй болохгүй. Яамдууд ч чадамжгүй болчихлоо. Ардчиллын үнэт зүйлсийн талаар өмнөө зорилго болгон тавьсан том философиуд үндсэндээ байхгүй болчихлоо. Өнөөдөр Ардчилсан холбооны суурь зарчим гэж байсан 10 зүйлийн талаар ярих ч хэрэггүй болсон. Хүмүүс ч мартчихсан.

-Ийм үнэт зүйлсгүй болгосон шалтгаан нь юу байна вэ. Эрх мэдэлд улайрсан тэмцэл үү?

-Аливаа олонлогийг улстөрд орох гишгүүр, дамжин өнгөрөх шат болгож хардаг шинэ үеийнхэн ямар ч гоё зүйлийг муухай болгож, нураачихаад байна.

-Одоо тэгээд яаж голдиролд нь оруулах ёстой юм бэ?

-Миний хувьд Ардчилсан холбоог улс төртэй битгий хутгаач. “Шонхор” нь байна уу, “Антангадас” нь уу түүгээрээ л дамж. Улс төрд орохдоо хороор уу, жороор уу гэдэг нь буянаараа болог. Түүндээ Ардчилсан холбоо гэдэг эцэг байгууллагаа оролцуулж тоглох хэрэггүй. Үүнд өнөөгийн удирдлагад ч шүүмжтэй хандаад байгаа юм. Женко Х.Баттулга гэдэг хүн магадгүй хөрөнгө санхүү, гишүүддээ тусласан талаасаа Ардчилсан холбооны үе үеийн удирдлагаас хамгийн их юм хийсэн хүн байж магадгүй, үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр яагаад Ардчилсан холбоог бүхэл, томоор нь нийгмийн сайн сайхны төлөө авч явах тэр үүргээ улс төрийн амбицдаа ашиглаад холиод байгаа юм. Тэгэхээр энэ хүн холбооны удирдагч байх насандаа хүрээгүй байхдаа ерөнхийлөгч болж. Магадгүй өнөөдрийн холбооны ерөнхийлөгч нь улс төрийн карьер нь ханаж, цадчихсан. Тайван амгалан, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн философитой хүн аваад явбал энэ гэгээлэг, шүхэрлэг байгууллагыг аваад явбал хэрэгтэй. Түүний дараа улс төрийн намууд нь холбоогоо дэмждэг юм байгаа биз. Тэгэхгүйгээр өнөөдөр Ардчилсан холбоо намын хавсрагын хавсарга, фракцын хавсарга болоод үндсэндээ сөнөж байна. Ардчилсан холбоог Х.Баттулга улс төртэй холиод давхичихаар асуудал үүсээд байна. Энэ хүн хамгийн ойрын хүрээллээ албан тушаалд тавьж байна. Хамгийн том шүүмжлэл гэхэд л Б.Батзаяа гэдэг нөхөр юу болж байгааг нийгмээрээ мэдэж байна. Гэтэл Батзаяатангууд нэг биш шүү дээ. Женкогийн дэмжлэгээр гарч ирсэн Батзаяанууд арав, хориороо байгаа. Энэ нөхдүүдийг 1990 онд тэмцэж байсан хүмүүс танихгүй л байхгүй юу. Тийм учраас нэгэнт тэд өөр байдлаар улс төрд, засаглалын төлөө явж байгаа бол тэр хүрээллийнхээ тоглолтоо л хийх хэрэгтэй. Эцэг байгууллагынхаа нэр төр, байр суурийг ашиглаж, шим шүүсийг нь сорж болохгүй.

-Нэг ёсондоо өмчилчихлөө шүү дээ. Уг нь энэ байгууллага чинь оюун санааны нэгдэл биш юм уу?

-Ерөөсөө л өмч болгочихсон. Эмгэнэл нь юундаа байна вэ гэхээр, нэг хүн өмчлөөд давхичихаар аргаа барсан нь өмч тасдах гэж байгаа юм шиг “жижиг МоАХ” ч гэх шиг юм хийгээд байна. Улс төрийн зорилгоор ашиглаад байгаа учраас л хүмүүсийн сонирхлын өмч болоод байна. Тэгэхгүй бол өөр л дөө.

-Өмнө нь өөр өөрсдийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлсээрээ фракц болдог байсан бол одоо хөрөнгө, ашиг сонирхлоороо нэгдсэн нэгдлийг фракц гэдэг болчихлоо. Улайм цайм ийм үйлдэл хийж байна шүү дээ?

-Нам дотор энэ зүйл өсч, үржиж байна. Энэ үзэгдэл МАН-д ч байна. МАХН-д ч байна. Ардчилсан намд ч бий. Фракцтай байх уу, байхгүй юу гэдгийг З.Энхболд даргын тунхагласнаар болдоггүй л байхгүй юу. ҮЗХ-ны хурал хуралдах гэсэн ирц хүрсэнгүй. Юу болов гэхээр “Шонхор” нь илүү давамгай байдал үүсгэчихсэн. Энэ фракцад намын дарга харъяалагддаг гэдгээрээ тэр хэсгийнх нь эрх ямба нь ихдээд, бусаддаа хандах хандлагад нь өөрчлөлт гараад бусдыгаа гомдоогоод эхлэхээр нөгөөдүүл нь тэмцэх маягийн асуудал болтлоо босч ирж байна. Яахаараа З.Энхболд “Шонхор”-т байсны төлөө С.Эрдэнэ гэдэг хүн намын дээр гарч суудаг юм. Эрдэнэ вангийн хошуутайгаа л байдаг юм байгаа биз. Ардчилсан намыг өмч шигээ хараад эхлэхээр нөгөө талууд нь дургүйгаа илэрхийлээд хуралд орохгүй суучихаж байна. Намын дарга нь “Шонхор”-оос, генсек нь тэндээс, эмэгтэйчүүдийн холбооны дарга нь ч гарч ирж байх шиг. Хэт эрх мэдлийг нэг фракц нь төвлөрүүлэх гэхээр олон ургальч үзлийн нэгдэл учраас задрахдаа хүрээд байна.

-Намаас нам бий болох үр хөврөл бүрэлдсэн гэсэн үг үү?

-1996-2000 он хүртэл яг ийм зүйл болсон. Дотоод зөрчлөө нуугаад яваад байсан. Ардчилсан холбоо эвсэл гэж засаг барьж байсан ч Үндэсний Ардчилсан нам, Социал демократ намууд тусдаа байсан. Гэтэл МҮАН-д фракцууд бий болоод Социал демократуудаа ашиглаж эхэлсэн. Ингэхдээ УИХ-д эзлэж буй суудлаа өөрсдийн давуу тал болгох гээд сайдын суудлаа наймаалцаж эхэлсэн. Ингээд наймаалцаж байгаад дөрвөн Ерөнхий сайдыг цөлчихсөн. Ингээд нам задарсан. Үүний нөлөөгөөр 2000 оны сонгуульд навс ялагдаж, цорын ганц суудалтай болсон түүх бий. Тэнд бол бодит задрал яваад дууссан. Одоо бол тасарч гараагүй байна. Гэхдээ бодит, дуншчихсан. Би “Шонхор”-ын засаглалын дарамтад тэсэхээ байлаа гээд нэг газрын үүд хаалгыг татсаар хуваагдал бий болчихсон. Үүний эсрэг 2000 оныг давтахгүй шүү нэгдье гээд дахиад үзэл бодлын нэгдэл бий болж эхэлж байна.

-“Шонхор”-ын эсрэг нэгдэлийг хэлээд байна уу?

-Тийм. МОАН гэдэг нэгдэл нь тэр. Миний ойлгосноор “Чандмань”, “Алтангадас”, “Кроун, “Нэг ардчилал”, “МҮДН” гээд нэгдэж байна. Ингээд дахиад хүчний хуваарилалт хийгээд ирэхээр 70:30 ч харьцаатай болоод ирж байна. Гэхдээ Ардчилсан нам дахиад алдаагаа давтахгүйн тулд нэг сольсон засгаа дахиад солих цаг хугацаа ч байхгүй. Саарал ордонд засгийн тогтвортой байдлын төлөө ярьж байх шиг байна. Засгаа тогтвортой байлгахыг Ардчилсан намын толгойтой болгон бодох ёстой. Миний сонссоноор Засгаа хамгаална гэж Женко Х.Баттулга гарын үсэг зураагүй дуулдана. Зурах хэрэгтэй. Өмнө нь ингэж эв нэгдлийн төлөө гарын үсэг зураагүй дөрвөн нөхөр байсан. Тэд хөөгдсөн. Одоо улс төрийн буланд шахагдсан нөхдүүд явж байна. Энэ сайн жишээ биш гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ фракцыг толгойлж байгаа хүний амбиц гэж нэг ядаргаатай зүйл бий. Манай нам уг нь фракцгүй амьсгалвал уг нь болно. Гэтэл энэ фракцын гамшиг одоо МоАХ-д халдах гээд байна. МоАХ-г үүсгэн байгуулсан хүний нэг нь “Буян”-гийн Жаргалсайхан мөн. Тэр хүн нам гэвэл Бүгд найрамдах намаа яриад л яваг. Гэхдээ МоАХ-ын хүн мөн. Логийн Цог МоАХ-ын хүн мөн. Гэхдээ өөр нам яриад л явж байна. Гэхдээ энэ хүмүүсийг өөр намынх гэж яллах хэрэггүй. Их хуралдаа намчирхдаг юм байгаа биз. Холбоондоо бол тэрийгээ хаях хэрэгтэй. МоАХ яаралтай хурлаа хийж улс төрөөс хол, бүлэг, фракц гээд байхгүй, болж өгвөл тэтгэвэртээ гарсан хүнээр толгойлуулмаар санагддаг. Залуу үед орж ирэг. Тэдгээр залуусаа дамждаг шат, дамжлагаар нь дамжуулаад явуулах хэрэгтэй. Магадгүй үзэл бодол нь таардаг бол МАН руугаа яваг л дээ. МоАХ гэдэг байгууллага нэг хүн, фракц, намын өмч биш юм. Үүнийг хийхийн тулд магадгүй “Дугуй заал” клубынхан ачааны хүндийг үүрэх ёстой гэж харж байна.

-Тэр нь бас нэг бүлэг үү?

-Энэ клубэд 1990 онд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан олон үйлдвэр, аж ахуйн газруудаас нэлээд олон хүмүүсийн нэгдэл ардчиллыг дэмжих хөдөлгөөнд орсон. Нэг өдөр гэхэд л Радио телевизийнхэн 20-30-уулаа орж ирээд “Бид ардчиллыг дэмжье” гэнгүүт С.Зоригоос эхлээд тухайн үеийн лидерүүд “Та нар ингэж орж ирвэл, мянга мянган хүн болно. Бидэнд заал ч олдохгүй. Ажил ч явахгүй. Та нар дотроо зохицуулах зөвлөл байгуулаад зохицуулагчаа сонго. Нэг хүнээ төлөөлүүл. Тэр хүн нь байгууллага дээрээ үйл ажиллагаа явуул” гэсэн байдлаар зохион байгуулалт хийсэн. Жишээ нь Гутлын үйлдвэрт гэхэд л 3000 гишүүнтэй салбар зөвлөл байгуулагдаж, зохицуулагчаар нь Д.Нямхүү болж, дараа нь Улаанбаатар хотын зохицуулах зөвлөлийн гишүүн болж сонгогдоод ард нь Түмэнцогт гэдэг хүн салбар зөвлөлөө толгойлоод үлдэх жишээтэй. Ерөнхий зөвлөл рүү сонгогдвол хотын зөвлөлд нь нөхөж сонгоод явна. Ингээд байгууллага төлөөлсөн нэг нэг хүний нэгдлээс бүрдсэн бүрдэл нийлээд 300 гаруй хүн байсан байгаа юм. Тухайн үеийн түүхийн эх сурвалж, архивыг үзэхээр 305 хүний нэр олддог. 50-60 хүнийг хаана байгааг нь олохгүй байна. Зарим нь гадагшаа гараад явчихсан. Зарим нь хөдөө байна. Тэгээд 30 гаруй хүн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлчихэж. Сураглахаар 200 хүрэхтэй, үгүйтэй хүний сураг нь гарч ирээд тэр нь дотроос өндөр албан тушаалд оччихсон, тоохоо больчихсон хүмүүсийн нэрийг дурдаад яах вэ. Тэднийг хасахаар идэвхитэй 140-өөд хүн “Дугуй заалны клуб”-д цуглаад байгаа юм. Эд хэн бэ гэхээр тэр үеийн хорин хэдтэй байсан өнөөгийн дөч гарсан хүмүүс. Ингээд цуглаад жил гаруй үйл ажиллагаа явуулаад, 1990 онд зорьж байсан зорилгоосоо хэрхэн хазайж вэ, бидний байгуулсан МоАХ зорилгодоо нийцэж байна уу гээд харахаар биш болчихоод байгаа юм.

Бид эцэг байгууллагаа дахин сэргээе. Тэгээд тэрний дор олон намын олон ургалч үзлээ хөгжүүлдэгээрээ хөгжөөд, явдгаараа явъя гэж байгаа юм. Түүнээс биш МоАХ толгойлсон хүн УИХ-д ордог, МоАХ толгойлсон хүн жагсаалтад бичигдэнэ гэсэн улс төрийн амбицыг нь дүрмээрээ хааж цэвэр иргэний байгууллага болгох хэрэгтэй.

-Өнөөгийн МоАХ-тай та нар ямар харилцаатай байгаа вэ?

-Яах вэ, зарим гишүүд нь МоАХ-ын үйл ажиллагаанд оролцоод явж байна. Гэхдээ МоАХ-ын удирдлагад “Дугуй заал клуб” байгуулагдлаа хамтарч ажиллая гэсэн. Хүлээж аваагүй. МоАХ-ын цагаан байшинд сууж байгаа хүмүүс бид нарыг танихгүй. Та юун хүн юм бэ л гэж асууна. Тэгэхээр МоАХ-ын үйл ажиллагаа, явж байгаа нь шал худлаа болчихоод байна. Гарцаагүй улс төрөөр явах хүмүүс нь намаа дагаад явна биз. Тэгэхэд нь сайн үйлсийг нь дэмжих нэг хэрэг. Харин муу үйл үйлдээд байгаа улсыг нь бид тодорхойлох ёстой. Тийм нөхрийг “Ард түмний төлөө яваагүй. Хувийн бизнесээ өргөжүүлэх гэж луйвар хийсэн. Ард түмнийг төлөөлөх эрхгүй” гэж хэлэх хэмжээний дуу хоолойтой байх ёстой. Иргэний нийгмийн байгууллагын чиглэлээр явна гэдэг нь ардчиллын ачааг үүрэх ёстой. Ил тод байдал, шинэ данс, ард түмний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.

-Өнөөгийн МоАХ чинь коммунизм байгуулах гээд байгаа юм биш үү. Цэргүүдээр төмөр зам бариулна ч гэх шиг. Хотын дарга удирдлагыг нь тэгэж хэлээд амжсан шүү дээ?

-Харин тийм ээ. Социализм байгуулах гээд байгаа юм уу хаашаа юм. Гамшгийн юм яриад байгаа. Миний хувьд Х.Баттулга даргын хэд хэдэн ажлыг сэтгэл зүрхнээсээ ойлгодоггүй. Ардчилсан Солонгос улсыг асар ихээр магтан дуулдаг. Гэтэл дэлхий дахинд муугийн жишээ болгодог шүү дээ. Тэднийг дэмжиж Монгол Улсыг буцаагаад социалист улс болгох гээд байгаа юм уу? Цэргүүд байтугай залуус өнөөдөр ажилгүй байна. Зохион байгуулалт хийхэд хангалттай хүч бий. Юм хийе гэсэн залуус арван байгууллагын хаалга татаад, дахиад 30-ыг татаад цөхөрчихсөн гэртээ сууж байна. Ажил хиймээр байдаг, ажлын байр байдаггүй. Ийм байхад төмөр замаа цэргээр бариулна гэдэг бол биш ээ. Надад хуарангийн социализмын тухай ойлголтыг буцааж сэргээх ойлголт байхгүй.

-МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга маань ямар байдлаар энэ байгууллагатай холбогдсон юм бэ?

-Тамирчин хүн шүү дээ. Нэлээд сүүлд Ардчилсан холбооны хүн болж тодорч гарч ирсэн болохоос 1990 онд бол мэдэхгүй юм. Магадгүй тэмцээн, уралдаанд оролцоод явсан ч дотоод итгэл үнэмшил нь ардчиллын төлөө байсан байлгүй. Яг бол ардчилсан хөдөлгөөнд оролцсон юм байхгүй. Албан тушаалд оччихсон, МоАХ-ын нэр бариад байгаа улсууд бол үнэндээ сураггүй л байсан. Магадгүй байшингийн булангаас зураг авч байгаад цагдаа харвал зугтчих сэтгэл зүйтэй байсан хүмүүс “Миний хүчээр бараг хувьсгал хийсэн” гэх нь олон болсон. Би Хувьсгалын түүхийн музейд анхны 300 хүмүүсийн нэрийн мөнхжүүлсэн дурсгалын самбарыг байршуулсан. Тэндээс шалгаж болно. Тэд бол баатрууд. Тухайн үед оролцчихоод дараа нь хийдэг ажлаа хийгээд хөндийрсөн хүмүүс олон шүү. Тэр хүмүүсийн буруу биш. Хүнд үед л ил гарч ирээд ачааны хүндийг үүрээд, ялсны дараа өөрийнхөө замыг хөөгөөд явсан хүмүүс бол жинхэнэ баатрууд болохоос дараа нь гарч ирчээд “Би МоАХ-ын гишүүн” гэдэг хүмүүс онц биш.

-Янз нь МоАХ уридлагаа солих хурал хийх гээд байна аа даа?

-Санаачлага бол гарах ёстой юм. Гэхдээ дүрмийг нь харахаар нэг хачин юм яваад байна. Саяхан дүрэм боловсруулж, хэлэлцүүлэг явуулсан. Тэрийг нь харсан чинь улс төрийн нам болгохоор хийсэн байсан. МоАХ-ыг ашиглаж нам байгуулах гэж байна. Энийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Ийм нэртэй нам байж болохгүй. МоАХ гэдэг нам байх ёстой гэвэл жинхэнээсээ ардчиллын түүхээ булшилна. Өөр нэрээр юугаа хийнэ үү, дурын асуудал. “Женко” ч гэнэ үү өөр ямар ч нэр зохиож болно.

-МоАХ гэлтгүй Ардчилсан намд лидерийн хямрал болоод байна уу?

-Ардчилсан намд болоод буй зүйл бол засаглалын бялуурал гэж нэг юм байна шүү. Нам дотор орохоор хүн төрөл арилжсан юм шиг болж байна. Өчигдөр сайхан мэндтэй устай явсан хүн намаар дамжаад гайгүй албан тушаалд очих юм бол... Ялангуяа залуучууд, төлөвшөөгүй хүмүүс ер нь л шил нь татчихсан юм шиг буруу хараад явна. Харц нь дээгүүр болоод л, үнэлэмж нь өөр болоод явчихдаг. Ийм зүйлийг төрийн институцийн хэт төвлөрөл бий болгож байна. Энэ төвлөрөл эрх мэдлийг бялуу болгож харагдуулаад, бялуутай ч байна. Бялууг нь идэж бялуураад байгаа юм. Энийг дагаад авлига бий болж байна. Сүүлийн арваад жил хэтэрхий их төвлөрөл бий болсон хувийн хэвшилдээ ачаагаа үүрүүлж байна гэж лоозогносон хэртээ тэрийгээ элгээр нь хэвтрүүлчихсэн. Хувийн хэвшил ажиллуулна гэдэг үндсэндээ там болж хувирлаа. Татвар нь нэмэгдээд, шалгадаг нь ихсэхээр хувийн бизнес эрхлэнэ гэдэг ял авсантай адилхан болчихоод байна. Хөгжлийн асуудал биш болчихсон. Энэ бүхэн 2000 оноос хойш бий болсон. Энэ үед хэн төр барьж байсныг бүгд мэднэ. Өнөөдөр Шадар сайд болно гээд бүх юмыг гацаачихсан, хоолой дээр тээглэсэн яс болчихсон сууж байгаа нэг “ноён” бий. Энэ нөхөр Монголын төрийн дархлааг үгүй болгож, бүх хөрөнгийг төвлөрүүлж, төвлөрсөн эдийн засгийн нийгмийн тогтолцоо руу чирсэн. Түүний дараа төмөр замын далан ярьж тэнэгтдэг, шугам сүлжээ тавина гэсэн жижиг аж ахуйн юм ярьдаг нөхөр гарч ирээд бодлого боловсруулдаг яамд үгүй болсон. Би нэг яамд ажиллаж байгаа. Нэрийг нь хэлж муулаад яах вэ, хараад байхад үндсэн функ нь бүдгэрчихсэн, төсөл хөтөлбөр , семинар хийж аргацаасан байдалтай л байна. Монголын эдийн засаг суусандаа биш. Маш үрэлгэн зардал, үр ашиггүй цаг хугацааг өнгөрөөж буй хэтэрхий данхайсан бүтцээр үрж дуусгаж байгаа мөнгө эдийн засгийг хэцүүлж байна. Та нар дүүргийн тамгын газруудын шинээр барьсан барилгуудыг хараарай. Манайх шиг ийм хөгжилтэй оронд дүүргийн тамгын газар нь арван хэдэн давхар, нэг хэлтсийн даргын өрөө нь амралтын өрөөтэй, унтлагын ор, дэвсгэр, 00 гээд зочид буудал шиг төгсөрчихсөн байна. Дүүргийн хэлтсийн дарга машин унаад, давхар өрөөнд тансаглаж, үүдэндээ нарийн бичиг авч далчиганах ямар хэрэг байна аа. Гэтэл наад талд нь татвар төлөгчид хойд хормойгоороо урдахаа нөхөх гээд тэвдэж байна. Яаж тансаглаж, заваарч байна. Дээр үед сайд нарт л давхар өрөө байдаг байсан. Ийм болохоор нам болж, түүний төлөө зүтгээд байна. Энийгээ гүйцэлдүүлэхийн төлөө биенээ Түгжилдэж араас нь хутга шаах нь энүүхэнд байна.

Тиймээс ийм муухай юманд Ардчилсан холбоо холбогдож, бүр фракц болмооргүй байна.

-Таныг Ардчилсан намын дүрмийг боловсруулсан гол хүмүүсийн нэг болохоор “Дүрмийн” Бямбаа гэдэг. Өнөөдөр энэ дүрэм нийцэхгүй байна уу?

-Одоогийн Ардчилсан намын ялалт 2006 оноос үүдэлтэй. Тэр үед Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаас огцруулахад ухаарч фракцгүй нэгдэл бий болсон юм. Ардчилсан намын дүрмийг ямар ч фракцгүйгээр амьдрах суурийг тавьсан. Гэтэл юугаа ч санагалздаг юм бүү мэд, Н.Алтанхуяг гарч ирэнгүүтэй нийтлэг эрх ашгийн төлөө үйлчилж байсан дүрмийн гол амин сүнс болсон шаалтыг нь луйврын шахуу аргаар өөрчлүүлсэн. Үүнийхээ гайгаар хүргэнээс эхлээд есөн шидийн юмаар өөрийгөө тойруулж байгаад бүх зүйлээ юу ч үгүй тавиад туусан. Дүрмээрээ тоглож байж алуулсан хүн. Өнөөдөр “Шонхор”-ын тэргүүн байсан З.Энхболд дарга дахиад хүчний нэгдлийг төвлөрүүлчихлээ гэж бярдах гээд эхлэхээр хариу үйлдэл болж тохиолол нь гарч ирж байна. Одоо Ардчилсан намд нэг том асуудал байна. Дүрмээ өөрчлөхгүйгээр цаашаа явна. Сонгуульд ялна гэдэг хэцүү болчихсон. Би дүрмийн эхний хувилбар, хоёр дахь хувилбарын аль алин дээр нь ажилласан. Хоёр дахь хувилбар их эрүүл саруул дүрэм. Тэр дүрмээр ямар ч фракц хэрэггүй. Зүгээр л орон нутагт очоод аймаг, дүүрэг, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогд. Ардчилсан намын нэрээр ялалт авчирсан бол ҮЗХ-ноос эхлээд төлөөллийн байгууллагын төлөөлөгч бол гэсэн заалт. Түүнээс хэдэн төгрөг барьж очоод намын хорооны гишүүдийг архидуулаад миний төлөө өгөөрэй гэх нь дахиад намыг жижиглэж хуваадаг. Ротацийг өмнө нь яаж явуулдаг байсан бэ гэхээр сугалаа сугалаад л азгүй бол энэ жил ротацид орно, азтай байвал дараа жил орон гэдэг байсан. Ийм тэнцүү боломж өнөөдөр байхгүй болчихсон. Хаалттай болгоод хаячихаар ганц нэгхэн орон гарсан суудал дээр цэвэр намын хороог худалдаж авч байж ҮЗХ-ны гишүүн болж байна. Ингээд ҮЗХ рүү оронгуутаа албан тушаал нэхдэг, барьцаалдаг хэрэгсэл болгочихсон. Их мөнгө зарсан хүн, их ашиг сонирхолтой байдаг юм байна. Тийм учраас намын эрх мэдлийн төлөө сонгуульд өөрийгөө сурталчилж гарч ирсэн төлөөлөгчийн амбиц, анхан шатны нэгж дээр арав, хорин сая төгрөг устгаж байгаад ирсэн хүн хоёрын хооронд итгэл үнэмшилийн асар том ялгаа байна. Би анхан шатны нам дээр чинь 20 сая төгрөг хаясан, төв намд 30 сая төгрөг хандивласан. Надаа энэ агентлагаа өг шархаа нөхнө гэхээр дийлж байна. Ингээд л шоронгийн хаалга татаад байна. Ардчилсан нам тиймээс дүрмээ өөрчилж, нийгэм, хүний дотор ажилладаг философийг гаргаж ирэхгүй бол цааш явахгүй. Сүүлдээ хараад байсан Монголын төмөр зам, аж үйлдвэр ярьдаг МоАХ-тай болчихсон. Энэ нь гайтай юм шиг манай Х.Баттулга даргын ярьдаг сэдэв нь. Үүнд нь Ардчилсан холбооны хэдэн мянган гишүүд үзэл бодлоороо нэгдэх юм уу. Ийм утгагүй болчихсон учраас Ардчилсан холбоо өөрчлөгдөж, дарга, цэргээ солих хэрэгтэй. Цаг нь болчихсон. 25 жил гэдэг их хугацаа. Реформ хийх цаг нь ирсэн.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна