Ороо бусгаа цагийн өнгө буюу дэлхийн шинэ норм

2016 оны 1 сарын 25

Орос

Оросын хүн амын дийлэнх нь Ерөнхийлөгчдөө итгэдэг. Эдийн засаг нийгмийн гүнзгий хямрал дунд шоовдор хүүхэд шиг булайгаа үзэж байхад нь Путин авралын од болон заяасан гэдэгт орос хүмүүс эргэлздэггүй юм. Үнэндээ бол ерээд оны сүүлийн хагаст газрын тос бусад түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр түүхэндээ байгаагүйгээр өссөн нь Путинд аз авчирсан. Харин ч тэр их боломжийг эдийн засгийн мэдлэггүйнхээ эрхээр зөв зарцуулж чадаагүй гэж барууны шинжээчид үздэг. Юмтай байсны буянаар 2008, 2009 оны хямралыг боломжийн давсан ч нефтийн үнэ нэг баррел нь 27 доллар дээр дэнжигнэх цагт хэрэг явдал тэс өөрөөр эргэж мэдэх нь.

Гэлээ ч Путины нэр хүнд үндсэндээ өндөр хэвээр. Улс орны эдийн засагт нүүрлэсэн огцом бууралт, тодорхойгүй байдал Путинтэй огтхамаагүй. Барууны зүйл бүрийн хоригууд, оросын эсрэг олон улсын хуйвалдаан, хэлцлүүдийн гай хэмээн дүгнээстэй. ОРТ-р гардаг үзэл суртлын “нээлттэй” мэтгэлцээн маягийн шоунуудаас иймэрхүү дүрийг өдөр бүр харах боломжтой.

Гэвч ОРТ-н шоу хийгээд бодит амьдрал хоёрт ялгаа их бололтой. Приаргунск хотын багш нарын Ерөнхийлөгчдөө барьсан өргөх бичиг, Читын эмнэлгийн ажилтнуудын эсэргүүцлийн хөдөлгөөн, холын замын тээврийн жолооч нарын жагсаал, тэтгэвэрийнхний гомдолтээсэн цуглаанууд гээд тэвчээрийнх нь бүс суларсан ардууд огцом огцом уурлах боллоо. Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын Ардын Аж Ахуй, Төрийн үйлчилгээний Академийн захирал Татъяна Малева “Нийгмийн халамжийн систем бүхэлдээ тогтворгүй байна” хэмээн аргагүйн эрхэнд үнэнээ өчжээ.

Орост ирэх жилүүдэд хөдөлмөрийн насны хүний тоо жилд нэг саяар хоргодож, харин тэтгэвэр авагчдын тоо дөрвөн зуун мянгаар нэмэгдэнэ. Гэтэл нийгмийн халамжийн санд нь мөнгө байхгүй. Бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг тандах Төвийн тэргүүн Олег Чернобуз “хүмүүс хүнд байдал удаан үргэлжлэх магадлалтайг ойлгож эхэлжээ” хэмээн олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцуулахдаа мэдэгдлээ. “Бид нийгмийн баримжаат төрийг байгуулна” хэмээх Путиний эрэмгий үг үлгэр төдий гэдгийг тэтгэврийн хэд нь талх төмсөндөө ч хүрэхгүй болж хоосон тороо санжгануулан гэлдрэх хөгшчүүл эрхбиш ойлгож эхэлжээ.

Уг нь оросууд ясны тууштай улс. Олон хүнд цагийг хагаралгүй, хугаралгүй туулж ирсэнтүүхтэй. Болохгүй байгааг мэдлээ ч нэгэнт итгэсэн л бол эцсийг нь үзтэлээ хүлээж чаддаг менталитеттэй. Гэвч Путиныг хамгийн их дэмдэг “цэнхэр захтнууд”-н давхаргын итгэл урам алдраад ирвэл жинхэнэ аюул юм. Дэлхийн хэвлэлүүд Оросуудыг баавгайтай зүйрлэдэг. Өөрсдөө ч үүнд дургүйцдэггүй. Мишка уг нь амгалан амьтан. Гэвч нэг уур нь хүрвэл дөргүй бухнаас хол дор амьтан гэдгийг бүгдээрээ мэднэ.

Барууныханд элдэвлүүлсэн Мишка ууртай байна. Үүрнийхээаман дээр хол ойроос гэтэх дайснуудыг духаараа нэвт шувт ширтэн, хөмхийгөө зуун хараачилж зогсоно. Үзүүртээ хадаастай модоор ухаж төнхсөөр байгаад яагаа ч үгүй эрт ичээнээс нь гаргачихсан болохоор аргагүй. Дуу чангатай, цахир хоолойтой дэлхийн хэвлэлүүд “баавгай баларлаа” хэмээн бүдүүн нарийн хоолойгоор өдөр шөнөгүй дүнгэнүүлж байна. Хөвчин их ой нь айдас хүйдсээр дүүрээд явах суух байтугай хамраа ч цухуйлгахад бэрх.

Баавгай уужуу сэтгэлтэй ч ууртай амьтан болхоор хэрэг явдалд буруутан хайн дэмий л хоорондоо хэмлэлдэх. Хэрүүлээ “үзэл санааны дайн” гээд нэрлэчхэж. The Washington Post сонинд гарсан эдийн засагч Владислав Иноземцевийн “Өөрийгөө хөнөөгч Оросын эдийн засаг” нийтлэлд “орос 1998, 2008 онуудад ч хямралыг давсан, гол нь хөрөнгө оруулалт зогсч байсангүй. Харин энэ удаад Европын Холбооны эсрэг хоригууд, Туркийн толхилцоон, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал зэрэг нь дотоод, гадаад бүх хөрөнгө оруулагчдаа үргээчихлээ” гэжээ.

Оросын эдийн засаг хамгийн хүнд цаг үеийг туулж байна. Төрийн тэргүүний “зарим хүндрэл бий, гэхдээ бүгд хяналтад байгаа” хэмээх цоглог боловч жижүүрийн мэдэгдэлд оросууд дахиад хир удаан толгой дохих бол. Бас эрчим хүчинд суурилсан эдийн засгаа солонгоруулах тухай ярьцгааж байна. Ямартаа ч кремль есдүгээр сард болох Думын сонгууль хүртэл олон нийтийн жагсаал цуглааныг номхотгох тактик боловсруулахад бүх анхаарлаа хандуулж байна.

Москва хотын Карнегийн Төвийн хөтөлбөрийн захирал Андрей Мовчан “2016 онд эдийн засагт онц өөрчлөлт болохгүй. Харин 2014, 2015 онд хийсэн өөрчлөлтүүдийнхээ үр дүнг бид амсах болно. Ороо бусгаа байдал бол шинэ цагийн энгийн норм” гэсэн нь Оросын байтугай нижгээд улсын бүтэн жилийн өнгө юм болов уу.

Хятад

Манай Ерөнхий сайдын тунхагласан эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг хэмээх зорилт энд биш тэнд бүрэн утгаараа хэрэгжээд даруй хорин таван жил болжээ. 2015 онд Хятадын ДНБ-ний өсөлт 6,9 хувьтай гарсан нь сүүлийн 25 жилийн хамгийн доод үзүүлэлт хэдий ч Хятадын Засгийн газрын хувьд энэ цочир мэдээ биш. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг хазаарлах замаар тогтвортой, дотоодынхоо эрэлт хэрэгцээнд тулгуурласан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүн хэмээн хээв нэг тайлбарлаж байгаа. Тайлбарлаад зогсохгүй итгэлтэй, баяр хөөртэй байгаагаа ч илэрхийлж байна.

Хятадын шинэ үеийн Олон улсын харилцааны судалгааны Хүрээлэнгийн мэргэжилтэн Чэн Фэн Ин олон улсын эдийн засгийн орчин маш хүнд байхад 6.9 хувийн өсөлт үзүүлж чадсан нь чамгүй амжилт юм" хэмээн тэмдэглэжээ.

2016 оныг Хятад улс дотоодын чинээлэг дундаж давхаргын хүрээг тэлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх гарааны жил хэмээн зарлаад буй. Шинэ бодлогод бялуурсан хятадын дундаж давхарга Дэлхийн банкны зарласан эдийн засгийн бууралтын тухай мэдээ, Вашингтон Пост-д бичигдсэн Хятадын байдал дэлхийн эдийн засагт дифляц буюу үнийн уналтыг дагуулах магадлалтай тухай нийтлэлийн агуулгад огт санаа зовохгүй нь ойлгомжтой.

Зуу зуун сая тариачид хотруу нүүж, одоогоор эзнээ хүлээн зүүрмэглэх “сүнс” хотуудад суурьшина. Харин дундаж давхаргад хэдийнээс багтдаг төрийн албан хаагчид цалингаа тогтвортой нэмүүлсээр чинээлэг дундаж руу гулсахаар ажилдаа яарцгааж яваа. Хэдхэн жилийн өмнө 230 сая хэмээн тоологдож байсан Хятадын дундаж давхарга “13-р таван жил”-н төлөвлөгөө хэрэгжиж дуусахад 600 саяд хүрсэн байх учиртай. 2015 оны эцсийн тооцоогоор нийт 774 сая 510 мянган хүнийг, үүнээс хот сууринд нийт 404 сая 100 мянган хүн албан ёсны, тогтвортой ажлын байраар бүрэн хангагдсан гэсэн статистик тооцоо гарчээ.

Дэлхийн нэг номерийн үйлдвэрлэгч хийгээд экспортлогч Луу авга баяр хөөртэйгөөр тахиралдан бүжнэ. Томоохон бүх л компаниуд нь дэлхийн цуутай тоглогчид болж, авто машины зах зээлийн өсөлтийн хурдаараа өрсөлдөгчдөөсөө хол тасарчээ.

Дээд амжилтын жагсаалтууд, нүд эрээлжлүүлсэн тоон үзүүлэлтүүдэд хятад хүний сэтгэл одоо ханачихаж. Тааламж төрүүлсээр байгаа зүйл гэвэл Луу дэлхийд зөвшөөрөгдөн, хүндлэл олсон явдал. Эдүгээ дэлхий жижиг том хэрэг явдал хэлэлцэхдээ Луу авгын амыг харж, үгий нь сонсдог болсоор удлаа. Сонсохоор барахгүй аялдан дагадаг, найзалж түншлэхсэн гэж ур ухаанаа зардаг болж.

Гучин жилийн өмнө өрнөд мөнгөтэй ч байж, өнгөтэй ч байж. Үндэстэн дамнан өргөжин тэлэх эрмэлзэлтэй, туршлагатай компаниудыг Луу ах найрсгаар урин залсан түүхтэй. Уригдсан гийчид их газрын гүрэн улсыг дэлхийд тэргүүлэх эдийн засагтай Луугийн улс болгох үйлсэд хүчээ өгч. Тэд хятадуудыг барууны ертөнцийн хэрэгцээ шаардлагад нийцэх бараа таваар үйлдвэрлэх, нийлүүлэх, харилцах ухаанд сургасан. 2016 он гэхэд Хятад мөнгөтэй, өнгөтэй, банктай, валютын хангалттай нөөцтэй дээр нь гадаад орнуудад хөрөнгө оруулах эрмэлзэлтэй сая сая иргэдтэй улс болж. 2002 онд Хятадын гадаад хөрөнгө оруулалт 2.7 тэрбум, 2013 онд 108 тэрбум, 2014 онд 119 тэрбум, 2015 онд 128 тэрбумд хүрчээ. Харин Гадаад орнуудаас Хятадад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 онд 135 тэрбумам.доллартхүрсэн байна.Худалдааны эргэлт буурсан, эдийн засгийн өсөлт саарсан дээр нь хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэлтэй байгаа нь Хятад дахь гадаадын хөрөнгө оруулагчдыг түгшээж буй нь мэдээж. Харин Хятадын Засгийн газар бол хөрөнгө оруулалтын хоёр талын урсгал тогтвортой ойртож ирсэнд таатай байгаагаа илэрхийлж байгаа. Бас нэг хүнд оногдох ДНБ 21866 юаньд хүрч, өнгөрсөн оныхоос даруй 8,9% нэмэгдсэнийг бахархан тэмдэглэж байна.

Ийнхүү урд хөршийн Засгийн газар тэрбум гурван зуун наян сая хүн арддаа хандан төр улсынхаа мэргэн жолоодлогыг хичээн бишрэгтүн хэмээн улам чанга зарласаар атал ахуй амьжиргааны сайжралыг үл ойшоон улс төрийн либералчлалын төлөө ил, далд нэгдэгсдийн эгнээ бас тэлсээр.

Дээр нь Си даргын шинэчлэлийн бодлого эдийн засаг төвтэй салхины чигийг хуу өөрчилж мэднэ гэх шинжээчид ч бий. Бөөн цөөнөөрөө баригдаж хоригдсон албан тушаалтнуудын тухай мэдээ Хятадаас тасрахаа байв. Си-н шинэ бодлого төрийн мөнгөөр хүүдэгнэгч мянга мянган даргын зүрхэнд шар ус хуруулсан байх магдлалтай ч түүнийг эсэргүүцэгчдийн олон зуун бүлгүүдийг бас үүсгээдхэв.

Үндсэндээ Си даргын шинэ бодлого эдийн засаг төвтэй Хятадын сүүлийн хорин таван жил баримталж ирсэн бодлогыг хойш түлхэн таатайхан зүүрмэглэж асан улс төрийг гуд татан гаргаж тоглолтондоруулж ирэх магадлалтай. Иргэний хөдөлгөөн, жагсаал цуглаан юунд хүргэхийг таашгүй.

Тайваны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Ардчилсан дэвшилт намын Цай Ин Вень ялалт байгуулсан. Сонгуулийн дүн тодорхой болмогц ХКН-н Төв Хорооны Тайваны ажлын албанаас мэдэгдэл гаргаж Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлжээ. “Сүүлийн 8 жилийн турш, Тайваний хоолойн хоёр эрэг "1992 оны нийтлэг ойлголцол"-ын хүрээнд, "Тайванийг тусгаар тогтнуулах, хагалан бутаргах" аливаа оролдлогыг тууштай эсэргүүцэж, энхийн хөгжлийн замаа бататган, энхтайван тогтвортой байдлыг хэвээр хадгалахын төлөө чармайж ирлээ. Ийм сайхан цаг үеэ бид улам бататган нандигнах учиртай” гэжээ.

Бусад

Сэм ахынх аль хэдийнээс бужигнаантай. Эрч хүчтэй, зоримог залуу хэмээн амаа олохгүй магтаж байсан Обамагаа одоо буулгахын түүс. Хэдхэн жилийн дотор шоволзсон залуугаас цал буурал, юмл бол уйлж орхидог будлиу нэгэн болж орхисон түүнээс америкчууд уйдаж орхиж. Ашгүй энэ жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Магадгүй Хиллари Клинтон АНУ-н 39 дэхь Ерөнхийлөгчөөр тодорно. Гэхдээ нэг зүйлийг анзаарах учиртай. Олон нийт өнөө муу популист Трампыгаа урьд хожид байгаагүйгээр дэмжиж байгааг нийгмийн судалгаанууд харуулсаар. Энэ бол Трамп ялагдлаа ч америкчуудын хандлага бүхэлдээ өөрчлөгдөж байгааг, энэ нь цаашлаад олон цочир өөрчлөлтийг дагуулж мэдэхийндохио.

Европын Холбооны улсуудын хувьд лалын дүрвэгсдэд үргэлжлүүлэн буулт хийсээр байх нь. Мэдээж энэ асуудал холбооны улсуудын дотоод харилцааг улам хүндрүүлнэ. Хамгийн сонирхолтой нь, энэ бүхнээс залхсан Их Британи Улс Европын Холбооноос гарах хүсэлтээ гаргаж мэднэ. Дүрвэгсдийн асуудал Германыг ч ямар шийдвэрт хүргэхийг таашгүй.

Алс Дорнод халуун цэг хэвээр байх нь ойлгомжтой. Иран эсвэл Сирит томоохон дайн ч эхэлж магад. Дэлхийн явдал иймэрхүү шалдар булдар түүхээр үргэлжлэх нь.

Эдийн засгийн тогтворгүй, тодорхой бус байдлаас айх хэрэггүй ээ. Ийм нөхцлийг давуу тал болгох боломж хэзээд байдаг. Швейцарийг хар. Таван зуу гаруй жил дайн самуунгүй, ардчилсан улсаараа оршлоо. Хөхөөтэй цагнаас өөр юу бүтээв. Гэтэл Италийг хар. Эдийн засгийн уналт, ухралт, дайн самуун, бүтэлгүйтэл гээд юу эсийг үзэв. Гэвч тэнд л хүн төрөлхтнийг бишрүүлсэн оюун санааны хийгээд, эдийн засгийн олон хувьсгалууд өрнөсөн шүү дээ гэж саяхан уншсанаа төгсгөлд нь тэмдэглье.

С.ЭНХЦЭЦЭГ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна