Иран 100 нисэх онгоц худалдаж авна

2016 оны 1 сарын 25

 

Иран улс Европын “Airbus” компаниас нисэх онгоц худалдан авахаар төлөвлөж байна. Ираны агаарын тээврийн шинэчлэлд 100 шинэ нисэх онгоц худалдаж авахаар төлөвлөж байгааг дотоод хэргийн дэд сайд Асгар Фахрие мэдэгджээ. Цөмийн хөтөлбөрийн эсрэг олон улсын хориг цуцлагдсанаар Иран нефть борлуулж, гадаадад царцсан хөрөнгөө эргэлтэд оруулах зэргээр эдийн засаг нь бага багаар сэргэж эхлээд буй юм.

 

“Airbus” компани Иранд нисэх онгоц худалдах гэрээний санал тавьсан байна. Ираны ерөнхийлөгч Хассан Роухани ирэх лхагва гаригт /I.27/ Парис хотноо айлчлах үеэр нисэх онгоц худалдан авах гэрээг “Airbus” компанитай албан ёсоор байгуулах гэнэ.

 

Ираны агаарын тээвэрт ашиглаж буй нисэх онгоцнуудын дундаж насжилт ойролцоогоор 27 жил болсон аж. Түүнчлэн Европын Холбооноос Ираны “Iran Air” компанийн 12 онгоцноос бусад нисэх онгоцыг олон улсын аюулгүйн стандарт хангаагүй гэдэг шалтгаанаар агаарын орон зайд нэвтрэхийг хоригложээ. “Iran Air” компани нь нийт 43 нисэх онгоцтой бөгөөд бараа тээврийн хямд үйлчилгээ үзүүлдэг байна. Ираны тээврийн сайдын мэдээлснээр нийт 250 нисэх онгоцны 100 нь актлагдаад байгаа гэнэ. Иранд өдгөө дунд болон алсын зайн нислэгийн 400, богино эргэлтийн 100 нисэх онгоц хэрэгтэй байгаа аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: THE FINANCIAL TIMES, BBC

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна