Азийн тэргүүн теннисчин Нишикори Жоковичтэй тоглоно

2016 оны 1 сарын 25

Талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний анхных болох “Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотноо болж байна.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч эхэллээ. Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жокович, Японы Кей Нишикори нарын шилдгүүд өрсөлдөгчөө буулган авч шөвгийн наймд оноолт таарлаа. Тус тэмцээний таван удаагийн аварга, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Жокович хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохын тулд хүндхэн тоглолтыг хийжээ. Тэрээр Францын Г.Симоныг таван сэт үргэлжилсэн тоглолтод 6:3, 6:7,6:4, 4:6, 6:3-ын харьцаагаар буулган авсан байна. Ням гаригт болсон энэхүү тоглолт  4 цаг гаран үргэлжилжээ.

Тэгвэл Азийн тэргүүн теннисчин Японы Кей Нишикори Францын Жо Уильфред Цонга 6:4, 6:2, 6:4-ийн харьцаагаар буулган авлаа. Энэхүү тоглолт ердөө 2 цаг 2 минутад үргэлжилсэн байна. Нишикори тус тэмцээнд долоод эрэмбэлэгдэн тоглож байна.

Мөн шөвгийн наймд Швейцарийн Рожер Федерер, Чехийн Томас Бердых нарын шилдгүүд шалгарлаа.

Эрэгтэй /ганцаарчилсан, шөвгийн наймд/

  • Сербийн Новак Жокович /1/ - Японы Кей Нишикори /7/
  • Швейцарийн Р.Федерер /3/ - Чехийн Т.Бердых /6/
  •  

Нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн "Australian Open-2016" тэмцээний шагналын сан нь 44 сая ам.долларт багтжээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймд үлдэж буй теннисчин 400 мянган ам.долларын мөнгөн шагнал авах аж. Мөн тус тэмцээний аварга 3,8 сая, дэд аварга 1.9 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ.

Тэмцээн энэ сарын 31-д өндөрлөнө.

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна