Их мастер Г.Ганжаргал түрүүллээ

2016 оны 1 сарын 25

“Ээж хайрхан” констракшны нэрэмжит, өндөр зэрэгтэй даамчдын түргэн тоглолтын тэмцээн өнгөрөгч ням гаригт/01.24/ “Монгол Коосэн” сургуулийн дэргэдэх “Алтан хүү” клуб дээр болж өндөрлөлөө. Рапид тоглолт (15 минутаар тоглодог)-ын төрлөөр зохиогдсон тус тэмцээнд 40 даамчин өрсөлдөж, швейцарь системээр найман өрөг тоглов. Дүн гарахад эрэгтэйчүүдээс Олон улсын их мастер Г.Ганжаргал 12 оноогоор тэргүүлж, Дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж, Ц.Сүхбат нар мөн адил 12 оноогоор удаалав. Түүнчлэн их мастер О.Түвшинболд, Д.Эрдэнэбилэг нар 11 оноогоор шагналт байр эзэлсэн юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Ц.Энхзаяа 11, ахмадын ангилалд спортын мастер Т.Пүрэвдорж, өсвөрийн ангилалд дэд мастер Ц.Чинзориг нар тус бүр аваргалсан.

Энэхүү түргэн тоглолтын тэмцээнийг Д.Нанжид-Эрдэнэ захиралтай “Ээж хайрхан” констракшн ивээн тэтгэсэн бөгөөд цаашид уламжлал болгон жил бүрийн нэгдүгээр сард зохиож байхаар болжээ.

Р.МАНЛАЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна